Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид төрийн шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-04 18:03:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын  бие бүрэлдэхүүний  хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 48 алба хаагч төрийн одон медалиар, 11 алба хаагч ХЗДХЯ-ны  шагнал хүртлээ.


Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор  ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч,  хурандаа О.Нямгэрэл, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа Д.Наранбаатар, Баянзүрх дүүргийн  цагдаагийн гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Б.Цогтбаатар нар шагнагдлаа.



Цэргийн гавьяаны одонгоор  НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, хошууч Б.Оргил,  Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Б.Баярмандах, ТЦА-ны Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Л.Ганболд нар шагнагдлаа. Мөн Цэргийн хүндэт медалиар нийтдээ 13 алба хаагч шагнагдсан юм.


ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хурандаа С.Баатаржав шагнагдсан  алба хаагч нартаа хандан, “Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлэн хийж бүтээсэн ажил, байгуулсан гавьяагаа үнэлүүлэн шагнагдсан Та бүхэндээ ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, ажлын амжилт хүсэж байна. Цаашид иргэд, олон нийтийнхээ амар амгалан  амьдралын төлөө өөрсдийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, хичээнгүйлэн ажиллана гэдэгтээ итгэл төгс байна. Та бүхэнд болон гэр бүлийнхэнд нь Арвандолоодугаар жарны “Урвуулагч” хэмээх “Шороон гахай” жилийн сар шинийн баярын мэндийг хүргэж, төрлөөрөө төвшин амгалан  элгээрээ энх амгалан, хотол олноороо сайхан шинэлэхийг ерөөе. Монголын төрийн цагдаагийн мэлмий тунгалаг, сонор хурц, алдар суу нь бадарч явах болтугай”  хэмээв.

Холбоотой мэдээ