Сар шинийн мэнд эрдэнийн чулуун хөөрөг

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-02-04 12:09:10

Хүн хүнээ хүндлэх ёс цагийн уртад өөр өөр өнгө, төрхөөр баяжин бидний үед хүрч иржээ. Нүүдэлчдийн өв соёл, тэр дотроо биет өвөд олон зүйл нэмэгдэн зан, заншил болон шингэж хадгалагдсан байх юм. Малд явж байгаа хоёр хүн худаг дээр тааралдаад гутлынхаа түрийнээс гаансаа, бүснээсээ тамхиныхаа уутыг суглан  асаасан тамхиа сороод соруулыг нь ханцуйгаараа шувтраад хоёр хүн хоорондоо солилцон мэндэлж харагддаг. Ийм ерөнхий зураглал хөдөө нутагт элбэг тохиолдоно.


Монголчуудын гаансаар тамхилаж мэнд усаа мэдэлцэх эртний ёс, уламжлал 17 дугаар зуунаас хөөрөг зүрүүлэн тамхилах ёс заншлаар өргөжсөн гэж түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ. Мэнд усаа мэдэх, ахас ихсээ хүндлэхдээ ур ухаан зарж хийсэн хөөрөг, гаанс гэх мэд үнэт эрднийн чулуун зүйлийг ашиглах болсон нь хүнлэг, элгэмсэг сэтгэлээр хүн хүндээ хандаж байгаа нэг илэрхийлэл юм билээ. Хөөрөг зөрүүлэн сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амргалангаа айлтгацгаах нь ойлголтоо нэгтгэх, зам мөрөө тэгштгэх эрхэм зүйлийн нэг болон уламжлагдсан бололтой.


Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ толгойг султган өөрөө эхлэж үнэртэн мэндлэгч хоёр маань  тус тусынхаа хөөргийг алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог. Гэхдээ бусдын үнэ, цэнэтэй зүйлд хүндэтгэлтэй хандан анхаарлаа төвөлрүүлэн эргүүлж тойруулан үзэн хөөрөг, толгойн завсарыг хамртаа хүргэх хийгээд халбагдан хурууний өндөг эрхий долоовор хурууны завсар хавчуулан үнэрлээд буцааж байгаа харагддаг. Энэ ёс нь ирсэн, угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй хүндэтгэл ээ.


Ахмад болон төрийн хүндтэй  хүнтэй залуу хүн  эхэлж хөөргөөрөө тамхилна. Тамхилахад хүний нас, эрэмбэ дараалал тодорч байдаг. Мөн нүүдэлчдийн дундахь жилийн дөрвөн улирал, болж байгаа үйл явдал, газар зүйн байршил мэндчилгээний явцад илүү товойж гарч ирдэг гэж хэлж болно. Хаврын тэргүүн цагаан сарын шинийн нэгэн нь манай ард түмний хүндэтгэл, бахрахлын их баяр байдаг. Монголчууд энэ өдрүүдэд эхлээд ахмад настныхаа амрыг эрж золгочихоод тухлан сууж, “таны бие лагшин тунгалаг уу? сар шинэдээ сайхан шинэлж байна уу? даага далантай, баяруу булчинтай, төлөг сүүлтэй, ботго бөхтэй сүрэг мал мэнд тарган тавтай сайхан оров уу гэж  харилцан мэндлээд хөөрөг зөрүүлэн тамхилдаг. Ингэж хөөрөг зөрүүлэхдээ залуу хүн ахмад настан буурал, хүндэт зочныг суудалдаа тухалсны дараа хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхэсхийн барьдаг.  


Монголчуудын хөөргөөр тамхилах ёс заншил өөрийн гэсэн онцлогтой. Тэдгээрээс зөвхөн хаврын тэргүүн цагаан сарын шинийн нэгэнд эрдэнийн чулуун хөөргөөр тамхилах ёс заншлын талаар цухас дурьдлаа. Хөөргөөр тамхилах манайхны энэ онцлог шинж нь Монгол хөөрөг гэсэн бие даасан судлагдахууныг бий болгодог гэж  Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооны ерөнхийлагч Н. Жанцан тэмдэглэсэн байна.


Хөөрөг зан заншил, өв, урлаг, соёл үнэт эдлэл гэсэн ойлголтуудын нэгдэл аж. Материаллаг талаас нь авч үзвэл хөөрөг нь чулуугаар хийсэн урлагын бүтээлийн оргил гэнэ. Хөөргийг шүр, хаш, мана, чүнчигноров, пийсүү, гартаам, оюу, номин, болор зэрэг чулуугаар хийж иржээ. Ингэхдээ гоё ганган хээ хуар бүхий бөх бат, үнэ цэнэтэй чулууны сонголт, нарийн хийцээс хамаарч хөөрөгний үнэлэмж, хоорондын   ялгаа гарч ирдэг байх юм. Уламжлагдан ирсэн хөөрөгт Манж, Хятад, Төвд, Монгол гэсэн дөрвөн хийц голлодог. Гэхдээ тэдгээрийг өөр хооронд нь ялгах, насыг тодорхойлоход мэргэших, судлах, цуглуулах шаардлага гардаг гэж үзэх юм билээ. Нэг үгээр хэлбэл нүднийх нь хор гарсан хүмүүсийн хийдэг ажил гэнэ. Хөөргийг таниж ялгахад баялаг цуглуулаг, судалгаа шаардлагатай гэж эртний эдлэл цуглуулагчид үзэх юм.


Монголчууд хөөрөгний толгой, нуух, халбаганд өндөр ач холбогдол өгдөг байна. Толгойг шүрээр хийх бөгөөд шүр нь улаан хүрэн өнгөтэй, од олонтой байвал илүү  сайнд тооцогдоно.  Энэ нь дэлхий нийтэд шүрийг үнэлэх үнэлгээтай  дүйцдэг ажээ. Тийм учраас “хөөрөгний сайн толгойдоо ........ сайхан бөгсөндөө” гэсэн хэлц үг гарсан бололтой. Ер нь 18,19 дүгээр зууны үед хийгдсэн хөөрөгний толгой ихэвчлэн  амных нь диаметрийн талтай тэнцэхүйц өндөртэй байжээ. Харин энэ зуунд хөөрөгний толгойг өндөр байлгах хийц давамгайлж байгаа гэж цуглуулагчид хэлэх юм билээ.


Гэхдээ хөөрөгний хийцийн оргил үеийг 18, 19 дүгээр зуун гэж үздэг. Энэ цаг үед дотортой хөөрөг хийхийж эхэлсэн аж. Дотортой хөөрөг гэдэг  дотор тал, гадна талтайгаа адилхан өөгүй цэвэрхэн гөлгөр, гялалгар байхыг хэлдэг байна.  Мэндлэх хүндлэх ёсны олон тулгуурын нэг нь болсон хөөрөг зөрүүлж тамхилах ёс, заншлын талаар дурьдвал ийм байна. Эрхэм хүн та эрдэнийн чулуун хөөрөг эргэлдүүлэн ахас, ихсээн хүндэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Холбоотой мэдээ