Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжлээ.
Хуулийн төсөлд, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар
зүйл буюу иргэний зорчих эрхийг хязгаарлахтай холбоотой заалтыг энэ оны
нэгдүгээр сараас хэрэгжүүлэх байсныг 2021 он болгож хойшлуулахаар тусгасан
байна. Иргэний зорчих эрхийг хязгаарлахдаа цахим хяналтын төхөөрөмж ашиглан “Цахим
хяналт, удирдлагын төв”-өөр дамжуулан хянадаг байхаар хуульчилжээ. Уг төвийг БНСУ-ын
“Эксим” банкны 9.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр байгуулахаар болж,
ТЭЗҮ-ийг боловсруулсан ч БНСУ-аас төсвийг
16.1 сая ам.доллар болгон өсгөх санал ирүүлсэн юм. Тиймээс Монгол Улсаас тус
төвийг барих санхүүжилтийн хэмжээг 10.4 сая ам.доллар байх саналыг Солонгосын
талд дахин хүргүүлсэн бөгөөд хөрөнгийн асуудал хараахан шийдэгдээгүй байгаа тул
ялын хэрэгжих хугацааг хойшлуулахаар хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооны дарга Ш.Раднаасэд уг
хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг гишүүдийн
олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтов.