Г. Занданшатарын намтрын шинэ хуудас эргэж эхэллээ
ТОЙМУИХ шинэ даргаа
цаг алдалгүй шуурхай сонгогдлоо. Энэ нь парламентын олонхийн дунд үүсээд байсан
үл ойлголцол иларшихийн эхлэл гэж зарим улстөрчид хэлж байна. Гэхдээ
өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд парламентад үргэлжилсэн хүндрэл өргөс авсан мэт
“хөндүү” нь гарахгүй болов уу. ”Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж монголчууд
ярьдаг. УИХ-ын шинэ дарга хичээвэл урт хугацаа шаардахгүй зарим гишүүдийн
хоорондын үл ойлголцол эвд орох боломжтой. Ийм боломж гаргаж ирэхэд бусад
гишүүдийн санаачлага, шинэ даргын хичээл зүтгэлээс илүү чухал үүрэг гүйцэтгэх биз.
Гэхдээ зарим санаачлага буруу тийш эргэдэг. Нэгэнт буруу эргэсэн санаачлага
ямар ч эв нэгдэлийг урсган авч одох юм билээ. Тухайлбал М. Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажиллаас чөлөөх талаар болж өнгөрсөн, үйл явдал ардаа иргэдийн суларсан сэтгэл, алдарсан итгэл үлдээв.
Шинэээр
сонгогдсон УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс “Монголын
ард түмэн, сонгогч иргэд маань шударга ёсыг хүсэмжлэн шаардаж байна. Шударга ёс
нийгмийн бодит эрэлт хэрэгцээ, шаардлага болсныг бид чихээрээ сонсож, нүдээрээ
харж байна. Монголын төрд хууль
дээдлэх ёс, хариуцлагын тогтолцоо ноёрхож, тэр нь тэгш, шударга хэрэгжиж байж
төрд, УИХ-д итгэх ард түмний итгэл эргэж сэргэнэ. Улс төрийн энэ эгзэгтэй цаг
үед Монголын улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхэлж байна гэж үзэж байна. УИХ-ын
даргын хувьд хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг
тогтоохын төлөө манлайлан зүтгэж ажиллах болно” гэж онцлон хэллээ.
Тэрбээр цааш нь,
Үндсэн хууль болон бусад хуулийг гуйвалтгүй биелүүлж дагаж мөрдөх ёстой. Цаашид
Улсын Их Хурлын төлөөлөх, хууль тогтоох чиг үүргээс гадна хяналт тавих чиг
үүргийг хуулиар тодорхой болгож, илүү санаачилгатай ажиллах шаардлагатай гэж
үзэж байна. Ийм ч учраас шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүдийг
эцэслэж, нийгмийн шударга бус байдлыг халах, хуулийн хэрэгжилтийг хангах
талаар УИХ-аас хянан шалгах түр хороодыг байгуулж, энэ талаарх санаачилгыг
дэмжин, хүчээ нэгтгэж ажиллана. Ер нь дээр доргүй хууль дээдлэх ёс, хуулийн
засаглал, ёс зүйг чанд баримталж ажиллахыг уриалж, бас сануулж байна гэж хэлсэн
юм. Г. Занданшатар пардламентын гишүүний хувьд олонд танил хүн. Харин спикрийн
хувьд бол шинэ хүн байгаа юм.
Нэгдсэн
чуулганаар гишүүн Д. Эрдэнэбат, Т. Аюурсайхан нар УИХ-ын даргад нэр дэвшигчээс хэн
нэг хүнд өр төлөх үү, бусдын захиалгаар ажиллах уу гэсэн утга бүхий асуулт тавьж
байсан билээ. Ийм асуултыг боломж гарсан бол нэр дэвшигчээс олон иргэн
асуух байсан биз ээ. Бүх хүн хардах эрхтэй. Хардалт байнга байх юм. Шинэ албан тушаалд хэн
нэгэн хүн сонгогдох хийгээд томилогдоход
хэний хүн гараад ирэв гэж иргэд бие
биеэсээ асуудаг болжээ. Тэр хүрээнд УИХ-ын даргаар сонгогдсон Г. Занданшатарыг МАН-ын
дарга, Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн хүн гэсэн хардалт гарч ирж байна. Гишүүдийн асуулт ч тэр дагуу гарч
ирсэн болов уу. Энэ асуултад тухайн
хүний үйл ажиллагаа, цаг хугацаа хамгийн шударга хариулт өгнө.
Тийм
болохоор Г. Заснаданшатар хэмээх хувь улстөрчийн
“УИХ-ын дарга болох уу, утсан хүүхэлдээ байх уу” гэдэг нь цэвэр түүний барих
бодлого, явуулах үйл ажиллагаанаас шууд хамаарна. Гэхдээ нар эрт байгаа учир
энд ямар нэг тодотгол, уран санаа дэвшүүлэхийг хойш тавих нь зөв гэж үзлээ.
Түүний талаар нийгмээс олон талын байр
суурь цаашид үргэлжлэх нь ойлгомжтой. Харин
гишүүдийн үнэмлэхүй олонх (95,1
хувийн)-ийн саналаар
УИХ-ын даргаар сонгогдсон Г. Занданшатарын намтрын шинэ хуудас эргэж
эхэллээ.