Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 19.8 хувьд хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-31 18:02:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Тогтоолын төсөлд 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их Онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлийг тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна. Мөн Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ. Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамлыг хамгаалах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа. Мөн дээрх тогтоолыг баталснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 2.1 хувиар нэмэгдэж, улсын нийт газар нутгийн 19.8 хувийг хамарна гэдгийг дурдсан юм.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр Б.Дэлгэрсайхан гишүүн Хамрын хийдийг улсын тусгай хамгаалалтад авах хэрэгтэй гэсэн санал хэллээ. Тэрбээр, “Хамрын хийд орчимд 2009 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон тухай мэдээлэл гарах болсон. Энэ хийдэд жил бүр гадаад, дотоодын 120 мянган жуулчин очдог” хэмээв.

Ажлын хэсгээс, “Хамрын хийдийг улсын тусгай хамгаалалтад авах хүсэлт ирсэн. Аливаа газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахын тулд эхлээд судалгаа явуулж, аймаг, сумын ИТХ-аар эхэлж хэлэлцүүлдэг. Одоогоор тус газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг судалж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн 7 үндэслэл бий. Гэхдээ БОАЖЯ бус тусгай зөвшөөрөл олгосон байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газар шийдвэрлэх ёстой” гэсэн тайлбар өглөө.

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойролцоо амьдарч буй иргэд тухайн газрыг зохистой ашиглах чиглэлд БОАЖЯ ямар бодлого баримталж байгааг Ц.Мөнх-Оргил гишүүн тодрууллаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, “Тусгай хамгаалалттай газар нутгийн ойролцоо амьдарч буй малчин өрхүүдэд түлээний модоо бэлдэхээс эхлээд олон асуудал үүсдэг. Мөн чоно элбэгшиж, мал барьдаг зэрэг асуудал бий. Тиймээс БОАЖЯ-наас тусгай хамгаалалттай газар нутгийг зохистой ашиглах журмыг боловсруулж байна” хэмээн хариулав.

Тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн газруудад олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг Г.Тэмүүлэн гишүүн тодрууллаа. Тогтоолын төслийг боловсруулахдаа УУХҮЯ болон АМГТГ-аас мэдээлэл авсан бөгөөд тусгай зөвшөөрөл давхацсан газар байхгүй гэдгийг БОАЖЯ-ны мэргэжилтнүүд дурдав.

Засгийн газраас газар нутгийг тусгай хамгаалалтад авахдаа Бэлчээрийн тухай хуультай уялдуулах шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүн Б.Батзориг онцоллоо.

Засгийн газраас 2020 он гэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 25 хувьд хүргэх зорилт тавьсан. Үлдсэн 5.2 хувийг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэзээ өргөн барихыг С.Бямбацогт гишүүн тодруулав. БОАЖЯ-наас есөн газрын улсын тусгай хамгаалалтад авахаар орон нутгийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудтай хамтран судалж байгааг Н.Цэрэнбат сайд хэллээ.

Ингээд санал хураахад гишүүдийн 78.9 хувь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ