Хөдөлмөр зүтгэлээрээ аймагтаа шалгарсан аваргууд шагналаа гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-31 23:33:22

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэрэгцээт үр тарианы 60, төмсний 28, хүнсний ногооны 30 хувийг дангаараа үйлдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэлээрээ улс, аймагтаа тэргүүлдэг Сэлэнгийн хөдөлмөрч малчид, тариачид, ногоочдоо манлайлсан 64 аварга цолтон төрж, “Аймгийн аварга” боллоо. Эдгээр аваргын шагналыг аймгийн удирдлагууд өргөө цагаан гэрт нь очиж, хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Шороон Гахай жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээрээ шалгарч аймгийн аварга болсон Хүдэр, Ерөө, Жавхлант, Шаамар, Алтанбулаг сумдын аваргуудын шагналыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн ХХААГ-ын хэлтсийн дарга н.Хурц, аймгийн ХЗХ-ийн дарга Д.Ёндонжамц нарын баг Хүдэр, Ерөө, Жавхлант, Шаамар, Алтанбулаг сумдын аваргуудын шагналыг гардуулан өглөө.

Аймгийн аварга хэмээн эрхэм алдар хүртсэн иргэдэд аварга малчны тэмдэг, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өгөхийн ялдамд малчны хөдөлмөр нь гэр бүлийн хамтын зүтгэл байдаг учраас аварга малчдын гэргий нарт мөн хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулав. Сэлэнгэ аймгийн хувьд эрчимжсэн МАА, газар тариалангийн гол бүс нутаг учраас тус аймгийн аварга малчдын хувьд малын тоо толгойноос илүү чанар үр өгөөжид анхаарч нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн ажилласнаар энэхүү шагналын эзэд болжээ.

-Хүдэр сумын аймгийн аварга малчин Ж.Цолмон:Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас хоёр дахь аймгийн аварга малчин цолтон төрж байгаа бөгөөд энэ удаа малчин Ж.Цолмон энэхүү шагналын эзэн болжээ. Эднийх 800 орчим малтай гэнэ. Өөрөө жолооч хийж байсан тэрээр өдгөө 15 жил мал маллаж амьдарч байгаа бөгөөд өнөөдөр энэ сайхан цол хүртсэндээ баяртай байгаагаа илэрхийллээ. Аав ээжийнхээ малч ухаанаас өвлөн амьдарч өдий зэрэгт хүрсэн гэлээ.  

-Жавхлант сумын Эрээн нарс гэдэг газар нутаглаж байгаа малчин Х.Санжаа:28 жил мал маллаж байгаа, бог мал адуу хоёроо голлон анхаардаг байна. 800 гаруй толгой малтай. Үхрээ эрчимжүүлэхээр ажиллаж, ирэх зунаас фермер байгуулахаар зорьжээ. Дунд хүүгээ малчин болгоно гэв. Залуу малчдыг төрөөс бодлогоор урамшуулж, анхаарахгүй бол малч удам тасрах нь гэж сэтгэл зовниж байдаг гэлээ. Одоогийн залуус их шантруу, хойрго хандах байдалтай байх юм хэмээн ярилаа.

-Ерөө сумын малчин М.Давхарбаяр:Эднийх “Энх тал” гэдэг газарт нутаглаж байлаа. 760 орчим мал тоолуулсан байна. Уламжлалт аргаараа идээ хийж боловсруулдаг аварга малчных эр малаа зах зээлд борлуулж, эм малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа гэлээ. Сүүний гарц өндөртэй эх малыг судалж байгаааж. Өөрийн аав аймгийн аварга, хадам аав маань улсын аварга болж байсан удамтай хэмээн бахархсан юм.  

-Ерөө сумын малчин Ж.Батбуян:Эхнэр бид хоёр аав ээжээсээ өвлөж авсан малаа өсгөн үржүүлж олон болгосон. Энэ сайхан аварга малчин цолыг хүртэж байгаадаа баяртай байна. Манайх 700 гаруй толгой малтай. Энэ өвөл өнтэй өвөл болж байна. Миний мал маллах хугацаанд ийм жил бараг болж байгаагүй.

-“Жавхлант буудай” ХХК:Жавхлант сумын Улаан чулуут хайрханы өвөрт 2006 онд байгуулагдсан эл компани 15-16 ажилтантай, 2258 га эргэлтийн талбайтай. Энэ жил 14-15 цн ургац хурааж авсан амжилт гаргажээ. Эдний гол онцлог нь орон нутгийнхаа иргэдэд ажлын байр гаргаж өгдөг бөгөөд нийт ажилчдын 80-90 хувь нь байдаг гэнэ. Мөн сумынхаа ЗДТГ-тай хамтран нийгмийн үйлсэд зориулсан ажилд нэлээд идэвхитэй оролцдог байна. “Жавхлант буудай” ХХК өнгөрсөн жил 597 сая гаруй төгрөгийн парк шинэчлэлт  хийжээ.

-Шаамар сумын ногоочин Д.Чулуунпүрэв:Аймгийн аварга ногоочин Д.Чулуунпүрэв 2005 оноос эхлэн өрхийн хэрэгцээндээ нийт 5.5 га талбайд тарвас, сонгино, лууван, байцаа тариалж эхэлжээ. Тэрээр нэгж га талбайгаас 196-242 цн буюу 150-200 тн хүнсний ногоо хураан авч, зах зээлд худалдан борлуулсан байна. Ногоо тариалахын зэрэгцээ өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх үүднээс 2015 онд бага оврын трактор, 2017 онд хөрс боловсруулах сэндчилүүр, 2018 онд ногооны үрлэгч худалдан авч өөрөө санаачлан тарвас тариалах техник тоног төхөөрөмжийг хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажилласан амжилтаар энэхүү шагналын эзэн болжээ.

-Алтанбулаг сумын ногоочин Д.Нямдулам:Аймгийн аварга ногоочин Д.Нямдулам 1996 оноос эхлэн өрхийн хэрэгцээндээ зориулан нэг га талбайд төмс, хүнсний ногоо тариалж эхлэхдээ байцаа дагнан тарьдаг байсан байна. Ингээд 2002 оноос олон төрлийн ногоо тариалж эхэлжээ. Аварга ногоочин бүсгүй жил бүр нэгж га талбайгаасаа 185-226 цн буюу жилд 18.5-22.6 тн төмс, хүнсний ногоо хураан авч зах зээлд худалдан борлуулж ирсэн амжилтаараа энэхүү хүндтэй шагналын эзэн болжээ. Мөн 10 гаруй төрлийн нарийн ногоо, навчит ногоо тариалж, зах зээлд худалдан борлуулахаас гадна даршилж, боловсруулалт хийн иргэдэд үйлчилж байгаа аж. Д.Нямдулам өөрөө кимчины байцаа тариалж, кимчи үйлдвэрлэж байна. Мөн төрөл бүрийн даршилсан ногоо үйлдвэрлэж, алаг салат, хүрэн манжингийн салатыг хоёр төрлөөр, байцаа, лууван бас даршилж байгаа аж. Ногоо хураах үеэр сумандаа 5-7 түр ажлын байр тогтмол гарган ажиллаж байгаа гэлээ. 


Холбоотой мэдээ