Ерөнхийлөгч Монгол Улсын харьяатаас гарах 543 хүний хүсэлтийг шийдвэрлэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг танилцуулав.
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдаанд 8 удаа оролцож, 4 хууль тогтоолд
хориг тавьжээ. Мөн 3 хуулийн төсөл өргөн барьж, зургаан албан тушаалд томилох
талаар УИХ-тай зөвшилцсөн байна. Мөн нэг шүүгчийг шинээр томилж, өөрөө хүсэлт
гаргасан, нас барсан зэрэг шалтгаанаар 11 шүүгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч үүрэгт ажлаа хүлээн авснаасаа хойш Үндэсний аюулгүй
байдлын зөвлөлийг зургаан удаа хуралдуулан УИХ, Засгийн газар болон төрийн
байгууллагуудад 21 зөвлөмж, 13 тэмдэглэл хүргүүлсэн гэдгийг Ерөнхийлөгчийн
Тамгын газрын дарга З.Энхболд дурдлаа.
Тэрбээр, “Ерөнхийлөгч “Дорнын эдийн засгийн III чуулга уулзалт”, ШХАБ-ын
гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан, АСЕМ-ын 12 дугаар
уулзалтад мөн оролцлоо. Түүнчлэн дотоодод үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг
АНУ-д татваргүй нийлүүлэх, гадаадад хууль бусаар гарсан хөрөнгийг эгүүлэн авах
талаар АНУ-тай хамтран ажиллаж эхэллээ. Монгол Улсын иргэний харьяатаас
гарах 543, иргэн болох 3 хүний хүсэлтийг шийдвэрлэв. Мөн Монгол хэлний зөв
бичих дүрмийн журамласан толийг бүтээж, цахим хувилбараар нийтийн хүртээл
болголоо” хэмээв.
Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн 15 гишүүнийг
дөрвөн жилийн хугацаатай томилж, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын үндэсний
чуулган, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган зохион байгуулж, оффшор
бүсэд данс эзэмшигчид болон тэдний хамаарал бүхий хүмүүст зориулж уриалга
гаргасан зэрэг ажлыг санаачлан хэрэгжүүлжээ. Мөн Ерөнхийлөгч нийслэлийн 9
дүүрэг, 21 аймгийн 22 мянга гаруй иргэнтэй уулзалт хийж, санал хүсэлтийг нь
сонссон байна. Энэ үеэр нийт 3100 гаруй иргэн санал хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд
ихэнх нь тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, УИХ-ыг
тараах санал эзэлжээ.
Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт
асууж, үг хэллээ.
Тухайлбал, О.Баасанхүү гишүүн, “УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх
талаар Улсын Ерөнхий Прокурор хэд хэдэн санал ирүүлсэн ч чуулганаар хүлээж
аваагүй. Энэ шийдвэрт Ерөнхийлөгч яагаад хориг тавиагүй вэ. Ерөнхийлөгч
иргэдийн хэрэглээний зээлийг тэглэх үү” хэмээн тодрууллаа.
УИХ-аас баталсан дөрвөн хууль, тогтоолын төсөлд Ерөнхийлөгч Х.Баттулга
хориг тавьсан ч хүлээж аваагүй гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд
хэллээ. Тэрбээр, “ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй
хэмээн үзэж байгаа. Ерөнхийлөгчид анх нэр дэвшүүлэхдээ АН-аас “Иргэдийн
хэрэглээний зээлийн асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй. Байгалийн баялгаас
олох орлогоос иргэдэд ногдол ашиг хүртээх зэргээр дэмжлэг үзүүлэх бодлого барих
нь зөв” гэсэн үүрэг өгч байсан. Энэ чиглэлд ч Ерөнхийлөгч ажиллаж байгаа” хэмээн хариуллаа.
Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргыг хэзээ томилох болон аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд Ерөнхийлөгчийн барьж буй бодлогын талаар Ж.Энхбаяр гишүүн тодруулахад, “Ерөнхийлөгч хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаарч байгаа. Монгол Улс Хөдөө Аж Ахуйн түүхий эдийн экспортоос, жилд 5-7 тэрбум ам.долларын орлого олдог. Энэ бүх түүхий эдийг хагас болон бүрэн боловсруулж, экспортод гаргахад орлого 5-6 дахин өсөх боломжтой. Мөн ажлын байр нэмэгдэж, малчдын орлого дээшлэх юм” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хариулав.
Харин М.Оюунчимэг гишүүн, “Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын
хорооноос зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголын үеэр төрийн албан
хаагчийг орон сууцанд ороход хүүгүй зээл олгодог байх талаар Ерөнхийлөгч санал
гаргасан. Энэ талаар хийсэн тодорхой судалгаа бий юу” хэмээв. Мөн Монгол Улсын
эдийн засгийг хөгжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд ямар
бодлого баримталж буйг тодрууллаа.
Ерөнхий хяналтын сонсголоос гарсан шийдвэрийг ойрын хугацаанд хэлэлцэж,
агаарын бохирдолтой тэмцэх ажлыг эрчимжүүлэх тогтоол гаргахаар төлөвлөж байгааг
З.Энхболд дарга дурдсан юм. Мөн, “Монгол, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор
байгуулах төслийг хэрэгжүүлэх талаар уулзалтууд хийсэн. Тухайлбал, Монгол Улсын
баруун таван аймгийн махыг түүхийгээр экспортлох, бусад бүс нутгаас дулааны
аргаар боловсруулсан мах экспортод гаргах талаар ярилцаж, эхнээсээ үр дүнгээ
өгч байгаа. Өнгөрсөн онд 70 мянган тонн мах экспортод гаргаснаас үр дүнг тодорхой харж болно” гэлээ.
Засгийн газар төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор
мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл
анхаарах шаардлагатайг Н.Учрал гишүүн онцолсон юм. Тэрбээр, “Гадаадын
томоохон хэвлэлийн байгууллагууд Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал
алдагдсан талаар мэдээлэл гаргах болсон” гэлээ.
Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нөгөө талаас дэлхий нийтийн мэдээллийг
хүлээн авах асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэдгийг З.Энхболд дарга
дурдсан. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны хэлэлцэх асуудлын
жагсаалтад мэдээллийн аюулгүй байдлын асуудал орсон. Энэ талаар чуулганд
нээлттэй мэдээлэл хийх боломжгүй. Тиймээс чуулганаар хаалттай мэдээлэл сонсох
тохиолдолд гишүүдэд дэлгэрэнгүй танилцуулах боломжтой гэдгийг Үндэсний аюулгүй
байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх хэллээ.
Мөн Ерөнхийлөгч зэвсэгт хүчний анги, байгууллагуудын нийгмийн хамгаалал,
цалин хангамжийг дээшлүүлэх чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж байгааг Б.Энх-Амгалан
гишүүн тодруулав.
Улс орноо батлан хамгаалж буй цэрэг, офицеруудын цалинг нэмэхэд
Ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, УИХ, Засгийн газарт чиглэл өгсөн
байна. Мөн зэвсэгт хүчнийг хөгжүүлэх талаар Ерөнхийлөгчийн бодлогыг төрийн
нууцын зэрэглэлтэй сонсох ёстойг З.Энхболд дарга онцолсон юм.
Валютын ханшийг буулгах чиглэлд Ерөнхийлөгч ямар бодлого баримтлахыг Б.Баттөмөр
гишүүн асуув.
Ерөнхийлөгчийн санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөлд стратегийн
ордууд олборлосон алтаа Монголбанкинд тушаах заалт тусгасан бөгөөд үүнийг М.Оюунчимэг гишүүний боловсруулсан ижил төрлийн хуулийн төсөлтэй
нэгтгэн, хэлэлцэж байгааг З.Энхболд дарга хэллээ.
Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.