УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нэр бүхий 39 гишүүний өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, батлав.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэн
сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой
хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой
хэмээн нэр бүхий 39 гишүүн энэ сарын 25-нд тогтоолын төсөл өргөн барьсан. Уг тогтоолыг
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, нууцаар санал
хураахад 50 хувь нь дэмжээгүй гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн танилцуулав.
Хэлэлцүүлгийн үеэр О.Баасанхүү гишүүн өнгөрсөн хугацаанд УИХ-ын дарга
М.Энхболдоос томоохон орд газруудыг ашиглах талаар ямар байр суурь баримталж ирснийг тодрууллаа. Мөн тэрбээр, “Нэгдүгээр
сарын 25-ны чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хуулийн
байгууллагууд түүнд эрүүгийн хэрэг тохохоор ажиллаж буй талаар мэдээлсэн. Үүнийгээ
нотлох хэрэгтэй” гэв
УИХ-ын дарга М.Энхболд “Тавантолгойн орд газрыг ашиглах талаар үе үеийн
Засгийн газар ажилласан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгойн ордыг
ашиглах асуудлыг УИХ-д танилцуулахгүйгээр шийдвэрлэх гэж байхад миний бие
тухайн үеийн УИХ-ын дарга болон гишүүдтэй хамтран зогсоож байсан. Засгийн газрын оруулж ирсэн 30 хувийг нь олон улсын зах зээлд гаргахыг
дэмжиж, санал өгсөн. Оюутолгойн орд газрын хувьд, 2007 онд Монголд хамгийн
ашигтай төсөл боловсруулж УИХ-д оруулж ирсэн ч харамсалтай нь дэмжигдээгүй”
гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Монгол Улсад сүүлийн 28 жил тогтсон системийг нураахын
төлөө бид ажиллаж байна. Тийнхүү зүтгэж байгаа хэсэг нөхдийг харлуулж
гүтгэхийн тулд хэрэг тох хэмээн хуулийн байгууллагад шургуулсан гар хөлдөө үүрэг
даалгавар өгсөн. Миний гэрт тусгай төхөөрөмж хүртэл байршуулсан байна. Хуулийн
байгууллага машин машинаар нь нотлох баримтуудыг жалганд аваачиж шатаасан
баримт ч байна” хэмээсэн юм.
Мөн Ё.Баатарбилэг гишүүн, “Нэг намын нөхдүүдийн үл ойлголцол төрийн
тогтвортой байдалд нөлөөлсөнд харамсаж байна. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргыг
огцруулах тэмцлийн үеэр эх орноо хамгаалж байсан цэрэг нас барсан, ханиад
томуу дэгдэж, олон хүүхэд нас барсан зэрэг хариуцлагагүй
үйлдлүүд гарсан. Энэ бүх асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй”
хэмээсэн юм.
Түүнчлэн С.Эрдэнэ гишүүн, “Цаашид олонх болсон нам нь хүч түрж, хуульд
өөрчлөлт оруулан хүссэн албан тушаалтнаа өөрчилдөг нөхцөл үүсэх
магадлалтай. “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргээр УИХ-ын даргыг огцруулах
асуудлын цаана ЖДҮХС-гийн зээлийн асуудал үлдэж байна. Нөгөөтэйгүүр өнөөгийн
УИХ-ын гишүүнээр ажиллаж буй МАН-ын гишүүд 2016 онд “60 тэрбумын систем”-ээр
дамжиж нэр дэвшиж байсан юм биш үү” гэв.
УИХ-ын дарга М.Энхболд, “60 тэрбумын хэрэг” бол эрүүгийн хэрэг биш гэдгийг
Улсын ерөнхий прокурор чуулганы танхимд танилцуулсан. Үүнийг хууль,
хяналтын байгууллага олон удаа шалгасан. Одоо ч шалгаж байгаа. Шалгалт
дууссаны дараа олон нийтэд ил тод мэдээлэх байх. Энэ танхимд сууж байгаа
64 гишүүн миний гарын үсгээр нэр дэвшсэн. Бид, улс төрийн намын хувьд
тухайн хүний ажлын туршлага, мэдлэг, боловсролыг нь харж дэвшүүлсэн. Ямар нэгэн
хураамж, төлбөр тооцоо аваагүй” гэсэн тайлбар өглөө.
Харин Д.Сарангэрэл гишүүн, “Эрүүл мэндийн салбарыг улс төржилтөөс хол
байлгах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчний улмаас 7 хүн эндсэн. Эрүүл мэндийн
салбарын ажилтнууд хичээнгүй ажилласны үр дүнд өвчлөл буурч байна. Ийм
байхад Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дарга
нь хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. Тиймээс Ё.Баатарбилэг гишүүнийг
уучлалт гуйхыг шаардаж байна” гэлээ.
Түүнчлэн Ж.Батзандан гишүүн, “Монголын ард түмэн зөвхөн М.Энхболд гэдэг
хүнтэй тэмцээгүй. Цагаан суваргын ордыг болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ганцхан
хүн хулгай хийх боломжгүй. Энэ бүхний ард бүлэглэл бий. Бүлэглэлийг үгүй
болгохын төлөө өнөөдөр гишүүд тэмцэж, Сүхбаатарын талбайд иргэд өлсгөлөн зарлаж
байна” хэмээв.
УИХ-ын гишүүд тэмцлээ зогсоож, иргэдэд амласан амлалтаа биелүүлэхийн төлөө
ажиллах шаардлагатай байгааг Ж.Мөнхбат гишүүн дурдаад, “60 тэрбум”-ын хэрэг
үнэхээр байсан бол өнөөдөр МАН хууль бусаар төрийн эрхийг барьсан хэрэг болно.
Тиймээс гишүүд үг, үйлдлээ бодох хэрэгтэй. Түүнчлэн УИХ-ын тухай, УИХ-ын
чуулганы дэгийн тухай хууль бол Монгол төрийн босгыг намхан болгож байна”
гэлээ.
Мөн Ц.Цогзолмаа, Л.Болд нарын гишүүд УИХ нэг хүнийг албан тушаалаас нь
буулгахын төлөө хууль баталдаг байж болохгүй гэдгийг онцлов. Харин Я.Санжмятав,
С.Эрдэнэ гишүүн зөвхөн “60 тэрбум”-ын хэргийг ярих бус ЖДҮХС-тай холбоотой
асуудлыг ч шийдвэрлэх хэрэгтэй хэмээсэн юм.
Ингээд цахимаар нууц санал хураахад, хуралдаанд оролцсон 65 гишүүний 43 нь буюу 66.2 хувь нь УИХ-ын даргыг чөлөөлөхийг дэмжлээ.
Ийнхүү М.Энхболд хугацаанаас өмнө үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн хоёр дахь
УИХ-ын дарга боллоо. Үүний өмнө буюу 2005-2007 онд УИХ-ын даргаар ажиллаж
байсан Ц.Нямдорж гишүүн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр үүрэгт ажлаа хүлээлгэн
өгч байсан юм.