Хууль бусаар чулуу дахин түүхгүй гэдэг баталгааг иргэдээр гаргуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-14 20:53:14

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт байгалийн өнгөт чулуу түүдэг явдал газар аваад байна. Эл явдлыг таслан зогсооход чиглүүлэн холбогдох байгууллагууд зөрчил гаргасан иргэдээр зөрчлөө давтахгүйн тухайд баталгаа гаргуулахаар болжээ.

Тодруулбал, байгалийн өнгөт чулуу түүсэн, түүхээр явж байсан, газар ухсан болон ухахыг завдсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 7.3- ийг зөрчсөн үйлдэл болохыг ойлгож, хууль зөрчсөн эл үйлдлийг дахин гаргахгүй гэдгээ иргэд батлах бөгөөд хэрвээ амлалтаа зөрчвөл Ашигт малтмалын тухайн хуулийн 66.1.1- ын дагуу хариуцлага хүлээнэ гэдгээ илэрхийлэн гарын үсэг зурах юм байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 7.3 нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэн хайх, ашиглахыг хориглосон бөгөөд байгалийн өнгөт болон үнэт чулуу түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхийг заасан. Харин 66.1.1 нь тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын хайгуул хийсэн, ашигт малтмал олборлосон, борлуулсан, ашигт малтмалын орд ашигласан бол хууль бусаар олсон орлого, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж, уг этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох тухай заалт ажээ.

Урьд нь хууль бусаар чулуу түүсэн иргэдийг Цагдаагийн газар саатуулж, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч хуулийн дээрхи заалт болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу торгодог байсан ч иргэд өндөр торгуулийг төлөх чадваргүй, торгуулиа төлөх мөнгө олох нэрийдлээр чулуу дахин түүж байгаа юм. Тиймээс байгалийн өнгөт чулуу олборлож, газар ухаж төнхөх нь аль хуулийг хэрхэн зөрчиж байгааг иргэдэд ойлгуулж, дахин ийм үйлдэл гаргавал өндөр торгууль хүлээнэ  гэдгийг анхааруулах үүднээс ийнхүү баталгаа гаргуулах нь зүйтэй гэж  аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, БОАЖ- ын газар, Тагнуулын хэлтэс, Прокурорын байгууллагын зүгээс санал нэгтгэжээ.

Дээрхи баталгааг үл ойшоон удаа дараа зөрчил гаргавал Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27.1.9- д заасан улсын байцаагчийн эрх, үүргийн дагуу ашигласан тээврийн хэрэгслийг хураах хүртэл арга хэмжээ авах юм байна.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ