БНЭУ-ын далбааг мандуулах ёслол болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-26 18:28:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНЭУ тунхагласны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Энэтхэгийн далбааг тус улсын ЭСЯ-ны гадна талбайд  мандуулах ёслол боллоо. 

Ёслолын үеэр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч О.П.Мийна тус улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын мэндчилгээг уламжлав.


Мэндчилгээнд, "Тэртээ 70 жилийн өмнөх энэ өдөр манай улс ардчиллын үнэт зүйлсээ тунхагласан. Өнөө жил бидний удирдагч асан Махатма Гандийн мэндэлсний 150 насны ой тохиож буй онцлогтой. Түүний сургаал, номлол өдгөө бидний оюун санаа, ёс суртахуунд луужин хэвээрээ байсаар байна. Энэ өдрийг дэлхий даяар тархан суугаа бүх энэтхэгчүүд тэмдэглэх түүхэн баяр билээ"  хэмээн дурдсан байв.



БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч О.П.Мийна, "Энэтхэг Улс тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авахад олон саад бэрхшээлтэй тулгарч байсан. Тэртээ 1947 оны 08 дугаар сарын 15-ны өдөр эрх чөлөөгөө олж авсан ч тэр үед бидэнд үндсэн хууль байгаагүй. Тиймээс хоёр жил гаруй хугацааны дараа шинэ үндсэн хуулиа баталж, энэ өдөр тусгаар улсаа тунхаглан зарласан. Үндсэн хуулиараа бид хүн бүрт эрх тэгш байдал,  иргэний эрхийг олгосон юм" гэв.

БНЭУ-ын далбааг мандуулах ёслолд Монгол Улсад ажиллаж амьдарч буй энэтхэг иргэд, Монгол, Энэтхэгийн бурхан шашны төлөөлөл зэрэг 100 гаруй зочин оролцлоо. Мөн Хинди энэтхэг хэлний сургалтын сурагчид Энэтхэгийн ард түмний соёл, уламжлалыг харуулсан тоглолт үзүүлэв.

Д.Урансолонго

Холбоотой мэдээ