Гадаадад байгаа мэргэжилтнүүдээ эх орондоо ажиллах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Д.Дамба-Очир нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн энэхүү Монгол Улсын төвийн
сүлжээнд холбох сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг зохистой хэмжээнд байлгах,
сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр байгуулсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын
нэгжид олгох урамшууллын хүртээмжийг нэмэх заалтыг тусгасан юм. Уг хуулийн
төслийг үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд 13.00 цагт
хэлэлцүүлгийг түр хойшлуулан, завсарлаад байсан юм.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Н.Амарзаяа гишүүн, “Энэ хуулийн эрчим
хүчний хэмнэлтийн хөтөлбөртэй уялдуулах хэрэгтэй. Хөгжингүй орнууд жил бүр сэргээгдэх
эрчимний тарифыг зарладаг. Харин Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний тарифын
талаар ямар бодлого баримтлах вэ” хэмээн тодрууллаа.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн
хүрээнд хэмнэлт хийсэн байгууллагуудыг урамшуулдаг болох юм. Мөн эрчим хүчний
хэмнэлттэй тоног төхөөрөмж ашиглаж буй аж ахуйн нэгжийг дэмжих журам батлахаар
ажиллаж байгаа. Харин сэргээгдэх эрчим хүчний тарифыг хамгийн бага байхаар
санал болгосон компанид л санал болгох юм. Дэлхийн банкнаас Монгол Улсын
сэргээгдэх эрчим хүчний тариф 8 цент байх боломжтой хэмээн үзэж байгаа” гэлээ.
Харин Н.Оюундарь гишүүн хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд орчин
үеийн дэвшилтэд ухаалаг технологийг ашиглах талаар тодорхой заалт ороогүй
байгааг дурдсан юм.
Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглахад гадаадад их, дээд сургууль
төгссөн чадварлаг боловсон хүчнүүдээ ажиллуулах шаардлагатай гэдгийг Эрчим
хүчний сайд хэллээ. Тэрбээр, “Монгол Улс гадаадад сургууль төгссөн шилдэг
ажилтнуудаа ажиллуулж чадахгүй байна. БНСУ гадаадад ажиллаж байгаа хүмүүсээ
өөрийн оронд ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд тухайн улсад нь олгож буй
цалин, хангамжийг, шаардлагатай тохиолдолд лабораторийг нь авч өгч байсан түүх бий. Монгол Улс 2010 онд 3 тэрбум төгрөгөөр дэлхийн шилдэг сургуулиудад 17 оюутан сургасан. Тэд бүгд АНУ-ын томоохон компаниудад ажиллаж байна. Монгол Улс гадаадад ажиллаж байгаа чадварлаг мэргэжилтнүүдээ эх орондоо ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Мурат гишүүн усан цахилгаан станц байгуулах
шаардлагатай байгааг дурдлаа. Дотоодын эрчим хүчийг зөвхөн нүүрсний станцуудаас
хангах нь эрсдэлтэй гэдгийг хэллээ.
Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 50.9 хувь
хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн
засгийн байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулган өндөрлөв.