Цэргүүдэд гар хүрсэн ахлагчийн дүрс камерын бичлэгт үлджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-25 15:48:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас сүүлийн үед олны анхаарлыг татсан хэргүүдэд тайлбар өгөв. Тухайлбал, 336 дугаар ангийн цэрэг нас барсан хэргийн урьдчилсан дүгнэлт гараагүй болохыг Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Д.Отгонжаргал албан ёсоор мэдэгдэв.

Тэрбээр, "Хавтаст хэргийг шалгахад зарим эргэлзээтэй зүйл байгаа. Өчигдөр гэмтэл шархгүй гэж мэдээлсэнд тайлбар өгье. Мөрдөгчид, хуульд зааснаар цогцост үзлэг хийхдээ, шинжээч эмч оролцуулах үүрэгтэй. Хэргийн газар бичсэн Дорноговь аймгийн шинжээч эмчийн дүгнэлтээр ил харагдах шархгүй гэж бичигдсэн байна билээ. Үүнийг манай хэвлэл, мэдээллийн ажилтан мэдээлэхдээ, албаны буруу хэллэг хэрэглэснээр олон нийтэд ташаа ойлголт төрүүлсэн байна. Зураг дээр байгаа хүрэн улаан толбо, зулгаралтууд гадны нөлөөтэй эсэхийг шалгахаар хуулийн дагуу шинжээчийн бүрэлдэхүүн томилж, үзлэг хийж байна. Шалгалтын явцад цэргүүд бие биедээ гар хүрсэн нөхцөл байдал илэрсэн. Энэ нь үхэлд нөлөөлсөн эсэхийг, мөрдөгч, шинжээчид шинжлэх ухааны үндэстэйгээр эцсийн дүгнэлт гаргаж шалгалтыг үргэлжлүүлнэ" гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариулсан юм.

- Гар хүрсэн цэргийн алба хаагч нь удирдах албан тушаалтан уу?

Мөрдөн шалгалтаар цэргийн ангийн дотоод журам зөрчигдсөнөөс, цэргийн удирдах албан тушаалтан нь цэргүүдийг бэлтгэлийн талбайд гаргаж бэлтгэл сургуулилт хийлгэсэн нөхцөл байдал илэрсэн. Зарим үйлдлүүд камерын дүрс бичлэгт үлдсэн байна. Тодруулбал, ахлагч нь цэргүүдэд гар хүрсэн бичлэг бий. Чухам ямар үйлдэл хийж байгааг мөрдөн шалгалтын үед дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Эл асуудалд хүнийг алах гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэхээр прокуорын байгууллагад саналаа хүргүүлээд байгаа.

- Урьдчилсан дүгнэлтээр, гадны нөлөөгүй гэж өчигдөр мэдээлсэн. Энэ талаар тайлбарлана уу?

Шинжээч эмчийн анхны үзлэгээр ил харагдах гэмтэлгүй байсан гэх дүгнэлтийг л хэлэхдээ, манай хэвлэл мэдээллийн ажилтан албаны хэллэгийг буруу хэрэглэсэн байна. Урьдчилсан дүгнэлт гараагүй. 

-Нас барсан цэргийн цогцост гэр бүлийнх нь зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийсэн гэх мэдээлэл байна?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасны дагуу мөрдөгч, прокурор өөрийн санаачилгаар задлан шинжилгээг үүрэгтэй. Энэ нь хүн амины ноцтой гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх ажиллагаа юм.


Мөн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ агсны хэргийг хаах саналаа прокурорт хүргүүлээд буй талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр, "Чамин-Эрдэнэ агсны амь нас хохирсон хэргийг мөрдөн шалгаж дууссан. Одоогоор, хохирогчийн өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцаж байгаа. Эл хэргийг гурван сарын хугацаанд өргөн цар хүрээтэй шалгасан. Мөн талийгаачийн ээж Г.Чимгээгийн хүсэлтээр тодорхой сэжиг, таамаглалыг шалгасан. Олон нийтийн дунд гараад байгаа шиг ямар нэгэн гэмт хэрэгтэн нь сул, чөлөөтэй яваа асуудал байхгүй. Хэрэгт холбогдуулан шалгасан хүмүүст ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй бөгөөд хууль, журмын дагуу нэрийг нь дурдах боломжгүй. Мөн цагдаагийн байгууллага бусдын нөлөөнд автаж, нотлох баримтыг нууж, хаасан зүйл байхгүй. Харин талийгаачийн ах Ч.Гэрэлхүү нь виски барьсан дөрвөн этгээдийн тухай мэдээлэл өгч эхэлсэн. Бид энэ мэдээллийг шалгах болно” гэлээ.

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ