Дуурийн театрын уран бүтээлчдийн түших багана нь концертмейстр юм
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын 55 жилийн ой 2018 онд болсон. Энэ ойн хөтөлбөр 2019 онд ч үргэлжилж байна. 55 жилийнхээ ойн хүрээнд сар бүр нэгэн бүтээлч ажил зохион байгуулсан байна. Өмнө нь “Найрал дууны сар”, “Төгөлдөр хуурын сар” гэхчлэн тэмдэглэжээ. 2019 оны 01 дүгээр сарын 27-нд “Концертмейстрүүдийн сар” эхэлж байна. Энэ сарын ажлын нэг нь концертмейстрүүдийн нэгдсэн тоглолт буюу “Piano Fest” тоглолт УДБЭТ-т энэ ням гарагт болно. Үүнтэй холбогдуулан концертмейстрийн ахмад болон шинэ үеийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Дуурийн алтан тайзны голд гялалзсан хоёр их гарын төгөлдөр хуурыг зөрүүлэн тавьж, хүчирхэг хөг аялгууг танхим дүүрэн нүргэлүүлэн тоглож буй хоёр эрхэмсэг бүсгүйтэй завчлан ярилцав.
Насаараа ч , чацаараа ч эн тэнцүүхэн энэ хоёр бүсгүй
Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт Бямбасүрэнгийн
Шаравын “Сэтгэлийн эгшиг” аялгууг уяртал тоглож байна. Энэ нь маргаашийн тоглолтынх нь бэлтгэл юм байна.
-Концертмейстр
гэдэг мэргэжлээ уншигчдад энгийн үгээр тайлбарлаж өгнө үү?
Л.Халиунсүрэн:-
Дэлхий нийтийн хөгжмийн хэлээр концертмейстр гэдэг. Германаас гаралтай “Концертын
мастер” гэсэн үг гэж эрдэмтэн судлаачид хэлдэг. Концертмейструудыг дотор нь бас
нарийн ангилна. Нэгд, Төгөлдөр хуурч концертмейстр, хоёрт, симфони оркестр
доторхи нэгдүгээр хийлчийг бас концертмейстр, гуравт, хөгжмийн томоохон хамтлагуудыг
удирдан тоглуулагч концертмейстр гэж хуваах нь бий.
О.Сарантуяа:-
Үүн дээр нэмэхэд, бид хоёр бол төгөлдөр хуурч концертмейстр нь...
-Концертмейстрүүдийн анхны нэгдсэн тоглолт болох гэж байна. Та хоёр концертмейстрийн
аль үед нь хамаарах вэ?
Л.Халиунсүрэн:-Яг
яс түүхээрээ бол хоёрдахь үед орох байх аа. Харин дээд мэргэжлийн концертмейстрийн
хувьд анхны үеийнх. Бид хоёрын өмнөхөн Гончигсумлаагийн Эрдэнэчимэг дээд
мэргэжилтэй концертмейстр болсон. Бас анхны МУГЖ цол хүртсэн концертмейстр шүү
дээ. Одоо Польшид амьдарч байгаа.
О.Сарантуяа:-Бид
хоёр 1975 онд ОХУ-ын Уралын Хөгжмийн их сургуулийг хамтдаа төгөлдөр хуурч
концертмейстрээр төгсөж ирээд дуурьт бас л цуг ажилласан.
-Та
хоёрыг удам дамжсан уран бүтээлч гэж мэднэ. Энэ тухайгаа...?
Л.Халиунсүрэн:-Монголчууд
манай аав Лувсаншаравыг андахгүй байх аа. Миний аав анх Драмын театр
байгуулагдахаас уран сайхны удирдагчаар нь ажилласан. Бас 1963 онд драмаас дуурь
өрх тусгаарлан байгуулагдахад ч уран сайхны удирдагчаар ажилласан болохоор, яах
аргагүй би аавтайгаа “нэг тогооных” болчихдог. Төрсөн ах Л.Даваахүү энэ дуурийн
театрын найрал дууны удирдаачаар ажиллаж байлаа. Дүү Л.Баярсайхан бас найрал дуунд ажиллаж
байсан. Одоо миний охин С.Алимаа балет /бүжгэн жүжгийн/-ын концертмейстрээр
ажиллаж байна.
О.Сарантуяа:-
Аав маань драмын театр байгуулагдахад жүжигчнээр ажиллаж байгаад кино үйлдвэр
байгуулагдахад киноны жүжигчин болсон МУГЖ У.Осор шүү дээ. Дуурь
бүжгийн жүжигчнээр миний төрсөн дүү О.Батсайхан бүжиглэж байсныг монголчууд
мэдэх байх. Харамсалтай нь, тун залуудаа зуурдаар бусдын гарт амь
үрэгдсэн. Одоо ч энэ тайзан дээрээ бүжиглэж л байх, үгүйдээ л багшилж байх
байсансан. Төрсөн дүү О.Бат-Өлзий МУГЖ болсон. Бас л үзэгчид мэднэ. Миний дүү О.Батцэнгэлийн
охин Б.Одончимэг саяхан Энэтхэг улсад болсон олон улсын театрын наадамд
түрүүлсэн. Миний дөрөв дэх үеийн зээ охин Түвшинцэнгэлийн Ганзаяа Консерваторын
сургуульд концертмейстр хийж байна. Т.Ганзаяа маань ноднин ОХУ-ын Буриадад
болсон олон улсын уралдаанаас “Шилдэг концертмейстр” шагнал авсан. Удмаараа л
хөгжмийн болоод соёл урлагт зүтгэж явна.
-УДБЭТ-т
яг хэдэн жил концертмейстрээр ажилласан бэ?
Хоёул:-
16 жил дуурьтаа ажилласан байна. Одоо бид хоёр цугтаа л СУИС-д багшилж байгаа. Ер
нь бол дуулаачийн урлагт нийтдээ 41 дэх жилдээ ажиллаж байна.
-Та
хоёрын хувийн уран бүтээлийн амжилтуудаас сонирхвол...?
Л.Халиунсүрэн:-
“Уран бүтээлийн 40 жил” гэж тоглолт хийж байсан. Удахгүй 45 жил болно. Тэр
үедээ нэг тоглолт бодож болох л байх...”Учиртай гурван толгой” дуурийн шилдэг
дүрийн улсын хоёрдугаар уралдаан, Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари, романс
дуулаачийн уралдаан, ОХУ-ын Красноярск хотод болсон ОХУ-ын дуучдын хоёрдугаар
уралдаануудаас тус тус шилдэг концертмейстрийн шагнал хүртсэн.
О.Сарантуяа:-“Учиртай
гурван толгой” дуурийн нэгээс дөрөвдүгээр уралдаанд дуучдаа бэлтгэн оролцуулж
шагналууд хүртсэн, МУГЖ Д.Бандийн нэрэмжит анхдугаар уралдаанаас “Шилдэг
концертмейстр” шагнал авсан. БНХАУ-ын Бугат хотод байхдаа 400 хүүхдийн тайлан тоглолт
хийж Бугат хотын “Найрамдал” дээд шагнал, ӨМӨЗО-ны Засгийн газрын дээд шагнал “Ганган
морь” одон хүртсэн, МУСТА цолтой.
-Дуурьт
ажиллаж байхдаа олон дуучин, олон л дуурийн хөгжмийг “дасгалжуулсан” уу?
Л.Халиунсүрэн:-
Дотоодын болон гадаадын 20 гаруй дуурийн дуучинтай хамтран ажилласан. Эхний
үеийн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, Д.Жаргалсайхан, Г.Хайдав,
МУГЖ А.Загдсүрэн, хоёр дахь үеийн Х.Уртнасан, Ш.Хавлааш, Д.Банди, Ерөө,
Ж.Цэцгээ, гурав дахь үеийн А.Долгор, А.Энхтайван, А.Дашпэлжээ, Б.Цэцгээ, дөрөв дэх
үеийн шавь гэсэн ч болох МУГЖ Х.Үнэнхүү, Ц.Далантай, ЦДБЧ-ын дуучин МУГЖ
Д.Баярмаа, одоо УИХ-ын гишүүн болоод байгаа МУГЖ С.Жавхлан...гээд олон уран
бүтээлчтэй ажиллажээ. Найрал дуучдаа бүгдийг нэмбэл, сүүлийн үед багшилж буй
СУИС-ийн оюутан шавь нараа оруулбал их л тоо гарах нь дээ.
О.Сарантуяа:-
Үүнд хариулт адилхаан. Бид хоёр чинь ХБДС-аас Уралын их сургууль, тэндээсээ
Дуурьт цуг ажилласан, дунд нь би хэсэг зуур өмнөд улсад ажилласныг эс тооцвол дандаа хамт байсан байна. Эрхгүй харихдаа, бор хоногтоо л түр салдаг байсан байх. Одоо ч СИУС-д хамт багшилж
байгаа. Бидний амжилт ололт, багш шавийн тоо адилхан л гарна даа.
- Гадаад улс оронд аялан тоглолт хийгээ л
байлгүй...?
-Л.Халиунсүрэн:-
БНБАУ, Чех, БНАСАУ, ОХУ, ХБНГУ, Казахстан...гээд явсан. Москвад Ардын жүжигчин
Д.Жаргалсайханы дуунуудыг “Мелодий” студид бичүүлэхэд бүх хөгжмийг нь тоглож
оролцсон. ОХУ-ын Москвагийн соёлын өдрүүд, БНХАУ-ын соёлын өдрүүд гээд оролцсон
нь олон.
О.Сарантуяа:-
Бид чинь БНАСАУ-ын Хаврын баярт дандаа дуучдаа бэлтгэж оролцуулна. Өөрсдөө
дагаж хөгжимдөж оролцоно. Олон улсын дуучдын том уралдаанд оролцож байгаа
дуучдаа “дасгалжуулаад”, дагаад хөгжимдөөд л явна шүү дээ.
-Энэ
удаагийн концертын онцлог их байх шиг. Дандаа концертмейстрүүд анх удаа нэгдэж
тоглох гэж байна. Ямар санагдаж байна вэ?
Хоёул:-1963 онд Дуурийн театр байгуулагдсан. Түүнээс хойшхи 55 жилд ингэж нэгдэж тоглоогүй байх. Концертмейструудын анхны тоглолт. Дуурь болон дуучдаа бэлтгэдэг бидэнд их том хариуцлага ирж байна. Бүх тоглолтоороо үлгэр жишээ байж, ур чадвараараа гайхуулах ёстой. Нэлээд хэдэн жилийн дараа дуурийнхаа энэ алтан тайзан дээр ирээд, төгөлдөр хуураа эгшиглүүлэхэд үнэхээр сэтгэл хөдөлж байна. Ойрд нойр ч хүрэхгүй болчих гээд л байна. Их сайхан гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна.
Лувсаншаравын Халиунсүрэн. Ховд аймгийн Буянт суманд 1950 онд төрсөн. 1969 онд ХБДС-ийг багш Б.Львов, М.Н.Григорьева нарын шавь болж, төгөлдөр хуурчаар төгссөн. 1970-1975 онд ОХУ-д Екатеринбург хотын Уралын Хөгжмийн их сургуулийг төгөлдөр хуурч, багш мэргэжлээр төгсжээ. 1975-1991 он хүртэл УДБЭТ-т гоцлол дууны ангийн концертмейстрээр ажиллаж тэтгэвэртээ гараад 1991 оноос өнөөдрийг хүртэл СУИС-ийн Дуулаачийн тэнхмийн багшаар ажиллаж байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын охин бөгөөд удам дамжсан хөгжмийн мастер юм байна.
Осорын Сарантуяа. 1951 онд Улаанбаатар хотод төрсөн. 1969 онд ХБДС-ийн төгөлдөр хуурын ангийг төгссөн. Л.Халиунсүрэнтэй нэг анги бөгөөд багш нар нь адилхан Оросын мэргэжилтэн багш байв. 1975 онд мөн л ОХУ-ын Уралын хөгжмийн их сургуулийг концертмейстрээр төгсчээ. 1976-1991 онд УДБЭТ-т концертмейстрээр ажиллаж тэтгэвэртээ гарсан. 1991-2001 онд СУИС-д багшилж байгаад 2002-2015 он хүртэл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотод төгөлдөр хуурын багшаар ажиллаж байгаад 2015 оноос өнөөдрийг хүртэл СУИС-д багшилж байна. Монгол киноны алтан үеийн нэрт жүжигчин, МУГЖ У.Осор гуайн охин. Мөн л удам дамжсан уран бүтээлч юм.
Шинэ үеийн концертмейстр, залуу хөгжмийн мастер Самдангийн Номин, Энхбаярын Намуунтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
-Концертмейстрийн
туршлага аль хэр сууж байна?
С.Номин:-Би хүүхэд байхаасаа ээжийгээ дагаад дуурьт өнждөг, заримдаа хонож байсан байх. Хөгжмөөр
л хэлд орсон. Том болоод ХБК-д сурч байхдаа зарим дуучидтай нийлж төгөлдөр хуур
тоглож өгдөг байсан. Мэргэжлийн бүх л сургууль дамжааг төгсөж, өөрийгөө байнга л
боловсруулж байгаа. Туршлагатай хөгжимчин, дуучидтай ажиллахад өдөр бүр л
шинийг сурч байна.
Э.Намуун:-
Анх ирснээ бодоход бүтэн таван жил болчихжээ. Олон дуурь, олон дуучинтай хамтран
ажиллаж, ажилдаа улам сонирхолтой, ажилдаа улам л дуртай болж байна.
-Дуурьт
концертмейстрээр ийм залуугаасаа ажиллаж байгаа нь ур чадварын л хэрэг
байх...уралдаан тэмцээний амжилт багагүй байгаа биз ээ?
С.Номин:-
Томоохон бүтээл тоглосон, тоглуулснаа л ярихад бидний амжилт гэсэн үг. 2004 онд
М.Равелийн Төгөлдөр хуурын концерт, 2011 онд Ж.Гершвиний “Цэнхэр Рапсоди”-г
УДБЭТ-ын симфони найрал хөгжимтэй тоглосон. Үүндээ их бахархдаг.
Э.Намуун:-Казахстан,
Хятад, ОХУ, Их Британи, Хойд солонгос зэрэг орнуудад болсон олон улсын дуурийн
дуулаачдын томоохон уралдаануудад оролцсон. МУСТА дуучин Б.Батжаргал,
О.Хүрэлбаатар, Э.Анхбаяр нар олон улсын уралдаанаас тэргүүн, дэд болон тусгай
байрын шагнал авсан нь концертмейстрээр ажилласны үр шим гэж боддог.
-Та
хоёр концертмейстр мэргэжлээ өөрсдөө сонгов уу, эсвэл дээрээс тушаалаар шууд
ажиллав уу?
С.Номин:-
Концертмейстр мэргэжлийг шууд сонгодоггүй. Эхлээд төгс төгөлдөр төгөлдөр хуурч
болох ёстой. Яахав, сурч байхдаа концертмейстрийн бүрэн ойлголттой болж, цаашдаа
үүгээр дагнах уу гэдгээ шийдэх нь шийднэ. Би багаасаа ээжтэйгээ энэ концертмейстрийн
ажлыг “хийлцэж” байгаад л зүгширсэн гэх үү...ээжээсээ болоод дуучдаасаа,
хөгжимчдөөсөө, удирдаачдаасаа цаг үргэлж сурч байна даа
Э.Намуун:-
Би оюутан байхаасаа сургуульдаа концертмейстр хийдэг байсан. Төгсөөд дуурьт
ажиллах сонирхолтой байсан. Тэр л ёсоороо /хүслээрээ/ дуурьтаа ажиллаж байна.
Концертмейстр мэргэжил бол одоо миний гол амьдрал, гол сонирхол болж дээ
-Өдий
хүртэл ямар ямар том дуурьт ажилласан бэ?
С.Номин:-
В.Моцартын “Увдист лимбэ”, Ж.Верди “Трубадор”, “Травиата”, Ж.Бизе “Кармен”,
Д.И.Чайковский “Евгений Онегин”, Ч.Пуччини “Чио Чио сан” гээд дэлхийн сонгодог
8 дуурь, Монголынхоо Д.Лувсаншаравын “Шивээ Хиагт” дуурийг тоглуулсан байна
Э.Намуун:-
Үүн дээр нэмэхэд, Ж.Верди “Реквием”, “Ж.Россини “Севилийн үсчин”, А.Бородин “Игорь
ван” гээд сонгодог 11 дуурь, Монголынхоо Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”,
Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж”, Б.Шаравын ”Чингис хаан”, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил”
гээд 6 дуурь
тоглуулжээ
-Залуу
уран бүтээлч та хоёрт анх удаа концертмейстрийн нэгдсэн тоглолтод оролцоход
ямар сэтгэгдэл төрж байна?
Хоёул:-
Анх удаагаа үе үеийн мундаг концертмейстрүүдтэй нэг тайзан дээр тоглох гэж
байгаадаа баяртай байна. Бид хоёр нийлж Польшийн хөгжмийн зохиолч
В.Лютославскийн “Паганини вариаци” аялгууг тоглоно.
-Ярилцлага
өгсөн та бүхэндээ баярлалаа. Удахгүй болох концертмейстрүүдийн тоглолтод амжилт
хүсье.
УДБЭТ-т одоогоор дуурийн 5 концертмейстр, бүжгэн жүжгийн 2 концертмейстр ажиллаж байна. Концертмейстр бол аль ч дуурийн театрын хамгийн чухал уран бүтээлчид юм байна. Монголын сонгодог урлагийн уран бүтээлчид дэлхийн түвшинд хүрч үнэлэгдэхэд тэдний бэлтгэл сургуулилтыг хамтран хийдэг атлаа олон улсын уралдаан тэмцээнд амжилт гаргахад тэр бүр нэр нь дурдагддаггүй нь концертмейстр багш нар. Тэд дуурийн тоглолт бүрийн тулгуур багана юм байна. Тэд олон улсад нэрээ дуудуулсан дуучдын түших багана юм байна. Концертмейстр багшийн хөдөлмөрийн нарийн нандин нууцсаас бага ч болтугай энэ ярилцлагаар хөндлөө. УДБЭТ-ын өнөөдрийн амжилт бүхэн энэ л концертмейстрүүдийн хүч, хөдөлмөрийн үнэ цэнэ юм байна.
Үе үеийн концертмейстрүүдийг цухас дурдая. 1944 оноос “Бөмбөгөр ногоон” театрт Ида Павловна Бадавжав анхны концертмейстрээр ажиллаж “Учиртай гурван толгой” дуурийн хэсэг болон дуугүй киноны ард хөгжимддөг байжээ. Мөн Прага хотноо болсон ДЗО-ны 4 дүгээр их наадамд Ц.Пүрэвдоржийг бэлтгэж байв. 1950 оноос ЗХУ /хуучнаар/-ын эрдэмтэн багш нар ирж ажиллаж байлаа. 1970 оноос Н.Жамсран, Шагдарсүрэн, Ж.Пүрэвдаваа, З.Эрдэнэбилэг нар концертмейстрээр ажиллаж байжээ. Харин 1975 оноос дээрх миний ярилцагч нар анхны дээд мэргэжлийн концертмейстр болжээ. Түүнээс хойш МУГЖ Б.Солонго тэргүүтэй Ц.Мягмарсүрэн, Д.Маралгуа, Б.Ундрам, Б.Алуунгоо, Ү.Уртнасан, Т.Гэрэлцэцэг, Мөнгөнчимэг, Б.Оюунгэрэл, Б.Энхтунгалаг...гээд шинэ үеийнхэн гарч ирээд байна.