УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг энэ сарын 29-нд батлах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 29-нд Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахаар төлөвлөсөн талаар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийв.
Тэрбээр, “Ерөнхийлөгчийн боловсруулсан УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны
дэгийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Саяхан УИХ-ын нэр бүхий 39
гишүүн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барьсан.
Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй. Өнөөдөр 13.00 цагт
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногийн УИХ-ын хэлэлцэх
асуудлын жагсаалтад оруулах болно. Миний бие УИХ-ын Төрийн байгуулалтын
байнгын хорооны даргатай уулзаж, тогтоолын төслийг түргэн, шуурхай, хуулийн
дагуу хэлэлцэх талаар санал солилцлоо. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуулийн дагуу аливаа хууль Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлэгдсэний дараа
хэрэгжиж эхлэх ёстой. Энэхүү эмхэтгэлийн дараагийн дугаар энэ сарын 28-ны даваа
гарагт хэвлэлтээс гарна. Тиймээс тогтоолын төслийг ирэх долоо хоногийн мягмар
гараг буюу энэ сарын 29-нд Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн
хуралдаанаар хэлэлцүүлж, батлах боломжтой. Үүний дараа буюу ирэх долоо хоногийн пүрэв,
баасан гарагт УИХ-ын шинэ дарга томилогдож, сар шинийн баяраар ард түмэнтэйгээ
золгох юм” гэлээ.