Нийт 46 нэрийн бүтээгдэхүүний давсыг 29.4 хувь бууруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-24 20:17:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” аяны хоёрдугаар шатны нээлт өнөөдөр боллоо. Энэ үеэр Давсны хэт өндөр хэрэглээ нь даралт ихсэх, цус харвах, чихрийн шижин зэрэг өвчний шалтгаан болж буйг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн онцолж байв. 



Тэрбээр, “Монгол Улсын хэмжээнд цусны даралт ихсэх өвчин хүн амын дунд тохиолдож буй зүрх судасны өвчлөлийн 49.2 хувийг эзэлдэг. Мөн хүн амын нийт нас баралтын шалтгааны 77 хувийг дээр дурдсан халдварт бус өвчнүүд эзэлж байна. Энэ нь дэлхийн түвшинтэй харьцуулахад 7 пунктээр өндөр байна” гэлээ.

ДЭМБ дээрх асуудалд ихээхэн анхаарал хандуулж 2030 он хүртэл давсны хэрэглээг 30 хувиар бууруулахаар тавьсан “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хүрээнд дээрх аяны хоёрдахь шатыг хэрэгжүүлж байна.

ХХААХҮЯ-ны хурлын танхимд болсон аяны хоёрдугаар шатны нээлтэд, давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж буй ААН-ийн төлөөлөл, Эрүүл мэнд, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын удирдлагууд оролцлоо.



ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле, “Аяны хүрээнд давсны зохистой хэрэглээг хэвшил болгоход хүнс үйлдвэрлэгчдийн идэвх,  санаачилга туйлын чухал. Салбар дундын хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжүүлэх энэхүү аянд ААН, байгуулагуудыг хамтран ажиллахыг урьж байна” гэлээ.

Аяны нэгдүгээр шат өнгөрсөн оны 1-10 дугаар сард болсон. Үүнд 11 ААН, байгууллага оролцож, хиам, зайдас, элэгний нухаш, талх нарийн боов зэрэг нийт 46 нэрийн бүтээгдэхүүн дэх давсны хэмжээг 29.4 хувиар бууруулсныг албаныхан онцлов.

Тус аянд хамрагдах ААН-ийн материалыг хүлээн авч буй бөгөөд бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг бууруулсан шилдэг технологийг шалгаруулж, таван номинациар өргөмжлөх  аж.




Д.Урансолонго

Гэрэл зургийг: Н.Батбаяр


Холбоотой мэдээ