Өлзийтийн цэцэрлэг шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-23 22:17:56

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт суманд өнгөрсөн оны 6 дугаар сард эхэлсэн шинэ цэцэрлэгийн барилгын ажил дуусч, өнөөдрөөс байнгын ашиглалтад орлоо. Цэцэрлэгийн барилгыг концессын гэрээгээр “Жишиг Бетон” ХХК 1.2 тэрбум төгрөгийн төсвөөр барьж гүйцэтгэжээ.

1972 онд баригдсан Өлзийт сумын хуучин цэцэрлэгийн барилгыг ашиглаж болохгүй гэсэн Мэргэжлийн хяналтын газрын акт 2013 онд гарч байжээ. Ингээд тус сумын хүүхэд багачуудын зөв хөгжил төлөвшлийг стандарт орчинд явуулахын тулд шинэ цэцэрлэг байгуулах хүсэлтээ сум орон нутгийн удирдлагаас холбогдох газруудад удаа дараа тавьснаар ийнхүү шинэ цэцэрлэгтэй болж байна. 

Цэцэрлэгийн дотоод заслыг монгол хэв загвар эсгий урлалаар хийсэн нь донжтой дулаан, бас үзэмтэй болжээ. Мөн тохижилтыг нь аймгийн ЗДТГ зэрэг төрийн байгууллага, бизнесмэн, нутгийн олны дэмжлэгээр хийсэн байна. 

Сонирхуулахад, Энэ онд Өлзийт суманд 240 хүүхдийн лаборатори сургууль, эрүүл мэндийн төвийн өргөтгөл барилга, 7.4 га талбайд ариун цэвэр хорио цээрийн дэглэм бүхий мах боловсруулах үйлдвэр байгуулагдах аж.




Холбоотой мэдээ