Орон нутгийн түүхий эд, нөөц баялгийг ашиглан брэнд бүтээгдэхүүнийг бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-22 14:44:31

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн 24 сумын жижиг дунд үйлдвэрлэгч, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн дунд “Нэг сум-Нэг бахархал” аяныг эхлүүлжээ. Энэхүү аяныг 2019 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл зарлаад байна.

Аяны хүрээнд сумын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид сумынхаа брэндийг хэрхэн бий болгох талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, сум бүр өөрийн бахархалт бүтээгдэхүүнийг илрүүлж хөгжүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах юм байна. Үр дүнд нь орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанарын шаардлага хангасан шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, улмаар ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл багасах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны түншлэл бий болох зэрэг олон давуу тал бий болно хэмээн аяныг зохион байгуулагчид хэллээ. Хамгийн гол нь тус аян нь орон нутгийн түүхий эд, нөөц баялгийг ашиглан брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн, экспортын барааны нэр төрлийг олшруулах, өрсөлдөх чадварыг бий болгох, хүн амыг эрүүл, аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах зорилготой юм байна. Өнөөдрийн байдлаар Завханы 24 сумаас 11 сум өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг зарлаад байгаа бөгөөд бага хэмжээгээр дотооддоо үйлдвэрлэл явуулж байгаа аж. Тухайлбал Дөрвөлжин сумын Хар бутны чацаргана, түүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд, Идэр сумын монгол гутал, Их-Уул сумын мод модон бүтээгдэхүүн, Отгон сумын зүү ороож оёсон уран хатгамлын бүтээлүүд, Ургамал сумын суль сульхирын гурил, Сантмаргаз сумын бор Дэвтээр нуурын давс, Сонгино сумын ургамлын цай, хийцтэй хатаасан цай гэх мэт бүтээгдэхүүнүүдийг өөрийн брэнд хэмээн зарлаад байгаа аж. Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажиллаж буй Завхан аймаг “Сайн бизнесмен” хөтөлбөрийнхөө хүрээнд орон нутагт үйлдвэрлэсэн зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Завхандаа үйлдвэрлэж, Завханчууд хэрэглэж хэвшье” уриан дор “Нэг сум-Нэг бахархал” аяныг ийнхүү эхлүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ