Мянган ортой хүүхдийн эмнэлэг байгуулах боломжийг судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2019-01-21 13:40:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийг хязгаарлах зорилгоор 700-1000 ортой хүүхдийн эмнэлэг байгуулах, хүн амын 40-45 хувийг вакцинжуулах хөрөнгийг шийдвэрлэх асуудлыг судлахаар шийдвэрлэжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Улсын хэмжээнд амбулаториор үзүүлж буй иргэдийн 8 хувь нь томуу, томуу төст өвчинтэй байна. Энэ бол томуу, томуу төст өвчний дэгдэлт харьцангуй буурсан үзүүлэлт. Гэхдээ Цагаан сарын үеэр энэ төрлийн өвчний тархалт өсөх магадлалтай тул Эрүүл мэндийн яамнаас тодорхой ажлуудыг хийж байна. Тухайлбал, Цэргийн төв эмнэлэгт 78 ортой хүүхдийн тасаг ажиллуулж байгаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн том хүний эмнэлгийн тусламж үйлчилгээг Ачтан эмнэлэгт шилжүүлсан. Ингээд тус эмнэлгийн том хүн хэвтэн эмчлүүлдэг орыг хүүхдүүд ашиглаж байгаа юм. ДЭМБ-аас улс орнууд хүн амынхаа 40-45 хувийг вакцинжуулсан тохиолдолд томуу, томуу төст өвчин дэгдэхээс сэргийлэх боломжтой гэсэн зөвлөсөн байдаг. Харин Монгол Улсын хувьд 03-06 хувийг л вакцинд хамруулж байгаа юм. Тиймээс МАН-ын бүлгээс 700-1000 ортой хүүхдийн эмнэлэг барих санхүүжилт, 10 сар гэхэд хүн амынхаа 40-45 хувийг вакцинжуулах, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээг тодорхойлох шийдвэр гаргалаа. Энэ ажилд нийт 10 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн үзэж байгаа. Энэ хөрөнгийг 2019 оны төсөвт тодотгол хийх эсхүл Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах боломжийг судална” гэлээ.

Холбоотой мэдээ