Чөлөөт бөхийн баг тамирчид Красноярскт хүчээ сорихоор очжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Красноярск хотноо нэгдүгээр сарын 24-27-нд болох алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гран при тэмцээнд манай улсаас 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг очоод байна.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн 10 жингийн долоод нь 3, бусад жинд 1-2 тамирчин, эмэгтэй 10 жингийн зургаад нь 3, бусад жинд 1-2 бөх барилдах юм. “Бага Дэлхийн аварга” хэмээгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцож байгаа билээ.
Энэ удаагийн тэмцээнд Хөдөлмөрийн баатар, Олимпийн хүрэл
медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг,
гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, О.Насанбурмаа,
П.Өнөрбат, ОУХМ Э.Сумъяа, Т.Түвшинтулга,
Б.Шоовдор, Г.Наранчимэг, Азийн аварга Д.Хүдэрбулга, О.Үйтүмэн, Б.Батмагнай,
Н.Лхамгармаа, Э.Цэвэгмид, А.Батцэцэг Э.Гантуяа тэргүүтэй шилдэг бөхчүүд хүчээ
сорих юм. Энэ тэмцээнд түрүүлсэн бөх 100 мянга, мөнгөн медальтан 50 мянга, хүрэл медальтан 25 мянган рублийн шагнал хүртэнэ.