Д.Трамп, Т.Эрдоган нар Сирийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-21 11:02:34

ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган нар утсаар ярих үеэрээ Сирийн зүүн хойд хэсэгт аюулгүй байдлыг хангах асуудлын шийдлийг үргэлжлүүлэн судлахаар тохиролцжээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв.


Түүнчлэн талууд хоёр улсын худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх харилцан сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.


“Сирийн Манбиж хотод Америкийн иргэд амь үрэгдсэнтэй холбогдуулан Т.Эрдоган эмгэнэл илэрхийлжээ. Харин ерөнхийлөгч Д.Трамп Сирид үлдсэн террористуудыг бүрэн устгахын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн юм” хэмээн АНУ-ын Засаг захиргааны хэвлэлийн алба мэдээлжээ.


Турк улс Сирийн Манбиж хотын аюулгүй байдлыг хангахад бэлэн байна гэж Т.Эрдоган АНУ-ын  төрийн тэргүүнтэй утсаар ярих үеэрээ хэлсэн байна. 


Сирийн Манбиж хотод энэ сарын 16-нд болсон дэлбэрэлтийн улмаас 27 хүн амь үрэгдсэний дотор Америкийн 5 цэргийн албан хаагч байсан юм. “The Washington Post” сонины мэдээлснээр, дэлбэрэлт үйлдсэний хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээсэн аж. 

Холбоотой мэдээ