Хулгайлагдсан болон бэлчээрээр хил давсан малыг эрэн сурвалжлах ажлыг идэвхжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-22 22:28:06

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн зөвлөлгөөн болж, өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, энэ оны зорилтоо тодорхойлсон байна.

- Өнгөрсөн оны хугацаанд хариуцсан хэсгээр 4 удаагийн 13 хүн хил орчмын дэглэмийн зөрчил гаргасныг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу шийдвэрлэсэн. Хил орчмын дэглэмийн зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг аймаг, сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд хүргүүлж, дахин хил орчмын дэглэмийн зөрчил гаргуулахгүй байх талаар хяналт тавин ажиллаж байна  гэж хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн орлогч дарга, Хилийн цэргийн 0286-р ангийн захирагч, хурандаа Ж.Жамсрандорж илтгэлээ.

Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл өнгөрсөн онд Монголын үндэсний олимпийн хороо, Монголын цанын холбоо, Тэшиг сумын ЗДТГ-тай хамтран “Анхдагчдын цом-2018” гүйлтийн цанын өсвөр болон насанд хүрэгчдийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн, Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 140 жилийн ойд зориулан Булган аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын марш-тактикийн тэмцээн, Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл, салбар зөвлөл, ХХТХ-нийн гишүүдийн нэгдсэн цугларалт зэрэг арга хэмжээг зохион байгуулж, Тэшиг сумын ИТХ, ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран “Малчдын бүлэг”-ийг байгуулж, хил орчмын бүс нутгийн хот айлын хамгаалалтыг зохион байгуулан ажиллажээ.

Энэ онд улсын хилийн бүсийг газар дээр нь тогтоох, Монгол Улсын баатар С.Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх, Тэшиг сумын нутгаас хулгайлагдсан болон бэлчээрээр улсын хил давсан малыг эрэн сурвалжлах, буцаан өгөх хамтарсан комиссын үйл ажиллагааг идэвхжүүлж, мэргэжлийн сургалт дадлага зохион байгуулах, улсын хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн болон хэсэгчилсэн цугларалт зохион байгуулж холбогдох хууль тогтоомж танилцуулж, ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэрэг ажлыг  хийхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ