Хэрэглээний халуун уснаас гарсан бохирыг татан зайлуулсаны төлбөр авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-20 20:26:27

Увс /МОНЦАМЭ/. “Чандмань-Увс” төрийн өмчит аж ахуйн компаниас 2019 он гарсаар зарим үйлчилгээндээ төлбөрийн бичилт хийхээр  боллоо. Тус байгууллага нь аймгийн төвийн орон сууцны хэрэглэгчдийг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг юм. Тэгвэл он гарсаар тус байгууллага халуун усны хэрэглээнээс гарах бохир уснаас төлбөр авдаг болж байна.

Тодруулбал, 2014 оноос өмнө тус компани цэвэр, халуун, бохир усны төлбөрийг тухай бүрт нь хариуцан авч байсан бол Дулааны 2-р станц шинээр ашиглалтад орсноос хойш дулааны станцууд өөрсдийн боловсруулсан халуун усны хэрэглээний төлбөрт бичилт хийж, бохир усны төлбөрийг орхигдуулах болжээ. Энэ нь “Чандмань-Увс” компанийн эдийн засагт хүндрэл учруулж байгаа тул цаашид өмнөх жишгээрээ халуун усны ашиглалтаас гарсан бохир усыг татан зайлуулсны төлбөрийг иргэдээс авахаар болжээ.

“Манай компаниас цэвэр усаар хангагддаг 76 орон сууцны 1824 айл өрх байдаг. Эдгээр айл өрхүүдийн хувьд сүүлийн жилүүдэд тоолууртай болсноор хэрэглээндээ тохируулан цэвэр усны төлбөрөө төлөх боломж нь бүрдсэн ч зарим хэрэглэгчид хараархан тоолуур тавиулаагүй байна. Тодруулбал, өнөөдөр нийт өрхийн 1258 нь тоолууртай, 566 өрх нь ам бүлийн тооноос хамаарч төлбөрөө төлдөг. Цаашид халуун усны хэрэглээнээс гарсан бохир усны төлбөрийн бичилттэй холбоотой хураамжийг  толууртай айл өрх 1м3-ыг нь 462 төгрөгөөр тооцож төлнө. Харин тоолуургүй айл өрхийн ам бүлийн тооноос хамаарч нэг хүнээс 1000 төгрөгөөр тооцож төлбөр авахаар болж байна” хэмээн “Чандмань-Увс” компанийн ерөнхий инженер Б.Батмөнх хэллээ.

 

Холбоотой мэдээ