Орхон сумын Бэлэндалайд гахайн мялзан өвчин гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-18 13:13:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Бэлэндалай гэдэг газарт гоц халдварт гахайн  мялзан өвчин гарсантай холбогдуулан сумын гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн бэлэн байдалд ажиллаж байна.

Дээрх үйл явдалтай холбогдуулан аж ахуйн нэгж, иргэдэд дараах зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж байна. Үүнд:

-Гахай нь хоол тэжээлийн дуршил буурах, дагжин чичрэх, чацга алдах, ноомойрох зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 15-р зүйлийн 15.1 дэх заалтын дагуу 12 цагийн дотор харьяалах мал эмнэлэгт дуудлага өгөх

-Гахайн худалдаа, арилжаа, солилцоог бусад аж ахуйн нэгжтэй хийхгүй байх,

-Гахайн аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг хоолны газар, үйлчилгээний төвүүдийн хоолны хаягдал, үлдэгдлээр гахайгаа тэжээхгүй байх, 

-Гахайн аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн гэр оронд цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг өдөр тутам хийлгэх,

-Тухайн аж ахуй нэгж, хашаа, хороо, гэр оронд орох үүдний хэсэгт гутлын ул халдваргүйжүүлэлтийн бодис шингээсэн гишгүүр тавих, хуурай бодис дэвсэх, асгах, орох хаалганы бариулыг халдваргүйжүүлэлтийн бодис шингээсэн материалаар бүрэх зэргээр халдварт өртөхөөс сэргийлэх арга хэмжээ авах,

-Баталгаагүй эх үүсвэрээс гахайн тэжээл худалдан авахгүй, хэрэглэхгүй байх,

-Өөрийн эзэмшлийн гахайг хашаанаас гарахгүй, бусдын гахайтай нийлүүлэхгүй, тодорхой хугацаанд байнгын хариулга, маллагаанд байлгах,

-Өөрийн эзэмшлийн гахай маллаж буй хашаа, хороонд шаардлагагүй бол гаднаас хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байхыг сумын Гамшгаас хамгаалах штабаас зөвлөлөө. Мөн шаардлага гарсан үед 99544294 утсаар мэдээлэл өгөхийг мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ