Төрийн албаны тухай хуультай холбоотой тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-17 20:22:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар энэ сарын 01-нээс мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зургаан тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тухайлбал, Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, хянаж шалгах, сургалт, судалгаа зохион байгуулах харилцааг зохицуулсан "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай" болон “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” тогтоолыг хэлэлцсэн. Дээрх хоёр тогтоолд төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санг эрхлэх, ёс зүй, жэндерийн тэгш байдлыг хангахад хяналт тавих заалт тусгажээ.

Мөн төрийн зарим байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, албан тушаалын өөрчлөлтийг Төрийн албаны тухай хуульд нийцүүлсэн “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай", “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг батлах тухай” болон  “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” тогтоолыг хэлэлцсэн. Эдгээр тогтоолд төрийн албан хаагчийг албан тушаал ахиулах, цалингийн нэмэгдэлтээй холбоотой зохицуулалтыг нарийн тусгасан байна.

Түүнчлэн Төрийн албаны ажиллах нөхцөл, цалин болон бусад асуудалтай холбоотой маргааныг хуулийн дагуу шийдвэрлэх “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай” журмыг хэлэлцлээ.

Ийнхүү дээрх тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ