Гаалийн байгууллага 2000 гаруй хууль бус үйлдлийг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-15 17:22:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнөөс энэ оныг тус байгууллагын “Дэвшилтэт технологи- ухаалаг хяналт”-ын жил болгон зарлав.

Тус зөвлөгөөн маргааш мөн үргэлжлэх бөгөөд Гаалийн байгууллагын өнгөрсөн оны ололт амжилт, үр дүнг нэгтгэн шинэ ондоо теле-хяналтын иж бүрэн систем нэвтрүүлэх, гаалийн лабораторийг бүрэн шинэчлэх, хилийн боомтын хяналтын дэд бүтцийг сайжруулахад ажлаа чиглүүлэхээр зөвлөлдөж байна.



Гаалийн байгууллага өнгөрсөн онд Монгол Улсын төсөвт 2.73 их наяд төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 124.6 хувиар буюу 538.9 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ.

Өнгөрсөн онд Гаалийн байгууллага экспортын 530 мянга, импортын 256 мянган бүрдүүлэлт хийж, нийт экспортын бүрдүүлэлтийн 95 хувийг цаасгүй технологид шилжүүлэв.

Нийт 2028 хууль бус үйлдлийг илрүүлэн хянан шийдвэрлэж, 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулан, 6.1 тэрбум төгрөгийн гаалийн болон бусад татвар нөхөн төлүүлсэн байна. Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан 15 удаагийн үйлдлийг илрүүлж, ийм гэмт хэргийн хоёр сувгийг илрүүлэн тогтоох үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллажээ.

Холбоотой мэдээ