Бүх нийтийн эрх зүйн боловсрол дэд хөтөлбөр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-15 13:44:21

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Бүх нийтийн эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөр батлан гаргалаа.

Иргэдийг эрх зүйн мэдлэг, мэдээллээр уян хатан, олон хувилбартай, шуурхай, хүртээмжтэй, нээлттэй, үр нөлөөтэй хангах эрх зүйн албан бус сургалтын тогтолцоог бий болгох зорилгоор энэ хөтөлбөрийг баталжээ.

- Иргэн бүхэн өөрийн эрх үүргээ сайн мэдэж байж бусдыг эрхийг хүндэтгэх нэг нөхцөл гэж үздэг. Тиймээс эрх зүйн боловсрол олгох үүрэгтэй хүмүүсийг нэмэгдүүлж, байнгын сургалтын тогтолцоо бүрдүүлж, хэвшүүлэхийг зорьж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Одхүү хэллээ.

          Аймгийн хэмжээнд бүх нийтийн эрх зүйн боловсрол дэд хөтөлбөрийн  хэрэгжүүлэгч нь суманд эрх зүйн хөтчөөр бэлтгэгдсэн сургагч багш, төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн, хуульч лектор, эрх зүйн сургалтын баг  байх юм. Хөтөлбөрийн сургагч багш нар буюу “Эрх зүйн хөтөч”  нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон ажилтан, багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар  байх юм байна.

          “Эрх зүйн хөтөч” нь аймгийн Засаг даргын тамгын газраас болон сумын Засаг даргаас бэлтгэсэн хөтөлбөр төлөвлөгөөний дагуу сургалтыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн оновчтой хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулж байхаар боллоо.

Дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх хөтөлбөрийн үр дүнд эрх зүйн мэдээлэл-сурталчилгаа, албан бус сургалтын тогтолцоо бүрдэж, материаллаг бааз бий болж, иргэдийн хууль зүйн мэдлэг сайжирч эрх зүйн боловсрол дээшилж, эрх зүйн харилцаанд ухамсар соёлтойгоор оролцож, хууль тогтоомжийг амьдралдаа хэрэглэх, эрх ашгаа хамгаалах чадвартай болж, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийн гаралт тодорхой хувиар буурахад нөлөөлнө гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтэс үзэж байна.

Холбоотой мэдээ