Нефтийн үнийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-01-11 10:51:20

ВАШИНГТОН. /Anadolu/. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, дэлхий даяар нефтийн нийлүүлэлтэд илүүдэл үүсэх төлөвтэй байгаатай холбогдуулан АНУ-ын “Morgan Stanley фирм 2019 оны нефтийн үнийн урьдчилсан таамаглалаа бууруулсан байна.


Brent” маркийн нефтийн үнэ 2019 онд 69 ам.долларт хүрнэ хэмээн тус компанийн мэргэжилтнүүд таамаглаж байсан бол уг үнийг 8 ам.доллароор бууруулж, энэ онд нэг баррель нефтийн дундаж үнэ 61 ам.долларт хүрнэ хэмээн тооцоолсон байна. Мөн “WTI” маркийн нефтийн үнийг 60 ам.доллароос 54 ам.доллар болгон бууруулжээ.


Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байгаа тухай Дэлхийн банкнаас лхагва гаргасан тайланд мэдээлсэн юм. Үүнд тэмдэглэснээр, өнгөрсөн онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3 хувь байсан бол энэхүү үзүүлэлт нь 2019 онд 2.9 хувьд хүрэх төлөвтэй байгаа аж.


Үүний зэрэгцээ дэлхий даяар нефтийн нийлүүлэлтэд илүүдэл үүсэх төлөвтэй байгаа бөгөөд ялангуяа АНУ-ын нефтийн олборлолт нэмэгдэж буйтай холбоотойгоор үнийн урьдчилсан таамаглалаа бууруулсан гэж Morgan Stanley фирмийн мэдээнд тэмдэглэсэн байжээ.

Холбоотой мэдээ