Багш нарыг чадваржуулах сургалтад хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-08 16:57:38

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан “Багшийг чадваржуулах” орон нутгийн сургалтыг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

Сургалт энэ сарын 07-09-ны өдрүүдэд Жаргалант сумын Лаборатори 1 дүгээр сургуулийн хичээлийн танхимд болж байна.

Сургалтын зорилго нь боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй сургалтын цөм хөтөлбөрийг үр дүнтэй зохион байгуулахад 2 болон 3,4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарын хэрэгцээнд нь үндэслэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм.  

Тус сургалтад Ховд аймгийн ерөнхий боловсролын 24 сургууль, 30 цэцэрлэг,  Насан туршийн боловсролын төвөөс нийт 150 гаруй багш хамрагдаж, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, харилцан туршлага солилцож байна.   

Сургалтын эхэнд бага, дунд ангийн багш нар болон цэцэрлэгийн багш нарт боловсролын өнөөгийн чиг хандлага, багшийн хөгжил, залуу багшийн манлайлал, цаасан болон цахим журналын хөтлөлт хийх арга зүй, эрх зүйн орчны бүрдэлт сэдвүүдээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Мөн мэргэжил бүрээр бүлэг сэдвийн хөтөлбөр боловсруулах арга зүй, үнэлгээний арга зүй, хүндэвтэр агуулгыг заах арга зүй, сурах бичиг, суралцахуйн удирдамж, цөм хөтөлбөрийн уялдаа, ашиглах арга зүй, хүүхэд хамгааллын бодлого зэрэг сэдвүүдээр онолын лекц орж, багш нарыг хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах юм. Ингэснээр бага, дунд ангийн болон цэцэрлэгийн багш нарын заах арга зүй сайжирч, сургалтын чанарт тодорхой хэмжээний ахиц гарах боломжтой гэж зохион байгуулагчид хэллээ.

                                                                                                 Н.Лхагва


Холбоотой мэдээ