Турк-Сирийн хилийн хяналтыг чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-11 11:35:44

БРЮССЕЛЬ. /Anadolu/. Дайны хөлд нэрвэгдээд байгаа Сириэс ирж болзошгүй аюулаас өөрийн холбоотон Туркийг хамгаалах зорилгоор НАТО тус хоёр улсын залгаа хилд тавих хяналтаа чангатгана.

"Турк болон Сирийн хилд тавих хяналтаа чангатгаж, идэвхжүүлэхээр бид Турктэй хоёрдугаар сарын 11-нд тохиролцсон. Уг ажиллагааг дээд зэргээр гүйцэтгэхээр бид Турктэй хэлэлцэж байна" гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Европын Комиссын Ерөнхийлөгч  Жан-Клод Юнкертэй Брюссель хотноо хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Сириэс харвасан хэд хэдэн пуужин Туркийн өмнөд нутгийн Килис хотод туссаны улмаас хоёр энгийн иргэн амиа алдсаны нэг нь хүүхэд байжээ.

"Сирийн хямралд хамгийн ихээр өртөж байгаа, НАТО-гийн холбоотон бол Турк. Тиймээс холбогдох арга хэмжээг авч, тухайлбал, нисэх онгоц, тэнгисийн цэрэг, пуужингийн батарейг Туркт байрлуулсан. Ингэснээр Турк Сиритэй залгаа хилээ хянах боломжтой болсон" гэж Столтенберг нэмж хэлэв.

Д.Нямтулга


 

Холбоотой мэдээ