Алт мөнгөн эдлэлээ алдсан иргэдийг эрэн сурвалжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-08 16:13:35
@s_munkhbaatar

Улаанбаатар./МОНЦАМЭ/. Урт цагаан орчимд, зөвшөөрөлгүйгээр, алт, мөнгөн эдлэлийн худалдаа эрхэлж байсан этгээдүүдээс 30 орчим мөнгөн аягыг хураан авч, хохирогчдыг эрэн сурвалжилж буй тухай НЦГ-ын Мөрдөн шалгах газраас мэдээлэв.


Тус газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид "урт цагааны гудамжинд алт, мөнгөний ченж нар их хэмжээний мөнгөн аяга, худалдаж авдаг" гэсэн мэдээллийн дагуу шалгалт явуулан, гарал үүсэл нь тодорхойгүй мөнгөн аяга, эд зүйлс худалдан авдаг этгээдүүдийг урьдчилсан байдлаар тогтоожээ. Хурааж авсан эд зүйлс дээр, "Хилийн 0225 ангийн цэргийн ангийн хамт олноос дурсгав", "113 дугаар цэцэрлэгийн 30 жилийн ойгоор дурсгав", "Хоёр дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсье Д.Мягмарсүрэнгийн гэр бүлээс" гэх зэрэг бичигтэй байсан байна.

Иймд мөнгөн аягаа хулгайд алдсан иргэд НЦГ-ын Мөрдөн шалгах хэлтэст очих буюу тус газрын жижүүрийн "88222255" дугаарын утсанд хандахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ