Г.Занданшатар: Асгат, Цагаан эргийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг үүрэг болгосон
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УУХҮЯ, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс МГЛ” болон “Монросцветмет” компанийн удирдлагыг өнөөдөр хүлээн авч, үүрэг даалгавар өгсөн байна. Энэхүү уулзалтын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар товч мэдээлэл хийв.
Уулзалтаар нийт гурван асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал, Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлэхийг дээрх дөрвөн байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ. Мөн Ховд аймгийн Цэцэг сумын нутагт орших Цагаан эргийн орд газрыг хамгаалалтад авах, вольфрамын нөөцийг тогтоохыг УУХҮЯ болон, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын удирдлагуудад үүрэг болгов. Тус газарт голын гольдрол өөрчлөн, хууль бусаар вольфрам олборлож, хил давуулсан хэргийг хууль, хяналтын байгууллагынхан тогтоон шалгаж буй юм. Түүнчлэн “Эрдэнэс МГЛ” компанид Асгатын мөнгөний орд, Цагаан эргийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ард түмэнд ногдол ашиг тараахыг үүрэг болгосон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Тэрбээр, мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэт
үйлдвэр”-ийн 49 хувьтай хамт “Монгол зэс” компани худалдан авсан. Үүнтэй
холбоотой маргааныг хуулийн байгууллага эцэслэн шийдвэрлээгүй байхад дээрх
ордыг “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлэх хууль, эрхзүйн боломж бий юу?
-Энэ асуудлыг “Монросцветмет” компанийн удирдлагуудтай уулзаж, тохирсон.
-Уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн
тусгай зөвшөөрлийг цуцлах нь хөрөнгө оруулагчдыг үргээх магадлалтай?
-Монгол Улсын Үндсэн хууль, ашигт малтмалын тухай хууль, Татварын тухай
хуулийг хэрэгжүүлэхийг бид аж ахуйн нэгжүүдээс шаардах ёстой. Газрын баялаг
ашигласны төлбөрөө төлөөд, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж
ахуйн нэгжүүдээ Монголын төр дэмжинэ. Харин хууль зөрчдөг, татвараас зугатаадаг
аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох нь зөв юм. Газрын баялаг бол ард түмний
өмч. Энэ өмчийг ашиглаж буй аж ахуйн нэгжүүд хууль зөрчсөн тохиолдолд тусгай
зөвшөөрлийг цуцлах хуулийн 11 үндэслэл бий.