ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг нэвтрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-02 15:05:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр амжилттай нэвтрүүллээ.


Тус эмнэлэг 2018 оноос эхэлж Unicompartmental knee arthroplasty /UKA/ буюу өвдөгний үеийг хагас солих мэс заслыг хийж байна. Тухайн мэс засал нь сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон орнуудад хийж үр дүн нь батлагдсан бөгөөд энэхүү мэс заслыг нутагшуулах үйл ажиллагааг эрчимтэй хийж эхэлж байна. Өвдөгний үеэр өвдөх зовиуртай хүмүүс маш олон байдаг. Бидний мэдэхээр настай хүмүүс өвдөгний үенд яс ургасан гэж ярьж заншсан байдаг. Тухайн эмгэг нь 4 үе шаттай явагддаг бөгөөд сүүлийн шатанд өвдөгний үеийг бүрэн солих мэс засал хийдэг. Остеоартрит ихэнх буюу 90 орчим хувь нь өвдөгний үений дотор талын дарагдал, сөнөрөл, элэгдэлтэй холбоотой үүсдэг. Дээрх мэс заслыг өвдөгний үений зөвхөн дотор урд хэсгийн дарагдал өөрчлөлтийн үед хийдэг.


Тухайн мэс заслын хувьд жижиг зүслэгээр хийдэг, мэс заслын дараах өвдөлт зовиур бага, нөхөн сэргэх явц хурдан, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны сэргэлт түргэн учир амьдралын чанарт өндөр үр дүнтэй нөлөөлөн, ТКА буюу өвдөгний үе бүрэн солих мэс засалруу дээрх мэс заслыг шилжүүлэх бүрэн боломжтой зэрэг давуу талтай аж.


Энэ мэс засал нь зөвхөн өвдөгний үений сөнөрөлд орсон буюу өөрчлөлт бүхий хэсгийг мэс заслын аргаар хэсэгчлэн авч өвдөгний үеийг солих мэс засал юм. Тухайн мэс заслыг өвчтөнд төлөвлөхдөө оношилгооны маш нарийн шалгуур зайлшгүй шаарддаг. Дээрх мэс заслыг өвчтөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн оношлуулж шалгуур үзүүлэлтийг хангасан бүхий л насны хүмүүст хийж болно. ГССҮТ-ийн мэс засалч эмч нарын баг хамт олон өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай хийж байгаа нь эрүүл мэндийн салбарт гарч буй томоохон амжилтын нэг гэдгийг эмч нар хэлж байна.

Мэс заслын багийн бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Т.Мөнхсайхан, Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч Тэргүүлэх зэрэгтэй их эмч Ж.Түмэн-Өлзий , ЯҮГТ2-ийн ахлах зэрэгтэй гэмтлийн мэс заслын эмч Б.Баатаржав, ЯҮГТ2-ийн гэмтлийн мэс заслын эмч С.Батсүх, Мэс заслын сувилагч Б.Бямбацэцэг, Мэдээгүйжүүлгийн сувилагч Ч.Уранчимэг нар багтжээ.

Холбоотой мэдээ