Халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн нь хоолны хордлогот халдвар гарахад нөлөөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-28 22:55:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 71 хүүхэд хордлогот өвчний шинжтэй өвчнөр өвчилж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. 


Үүнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцгаагчид, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн халдвартын эмч нар газар дээр нь ажиллаж өвчилсөн хүүхдүүд, хоол, хүнсний бүтээгдэхүүн, дотуур байрны гал тогооны арчдас зэргээс дээж авч шинжилгээ хийсэн байна.

Тэгвэл дээрх шинжилгээний дүн гарсан тул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед тус агентлагт мэдээлэл өглөө. Тэрээр мэдээлэлдээ: "Тухайн сургуулийн дотуур байранд хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй технологийн нэг чигийн урсгалын зохион байгуулалтгүй газарт явуулж, хоол үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн, гал тогооны өдөр тутмын цэвэрлэгээ, халдваргүйжилт хангалтгүй хийгдсэн, тогооч, ажилчид хувийн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж ажиллаагүйн улмаас хоол бохирдсон, дотуур байрны ариун цэврийн байгууламж ажиллагаагүй болсноос дотоод ариун цэвэр, гарын халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдсөн нь хүүхдүүдийн дунд хоолны хордлогот халдвар гарах нөхцөл бүрдсэн байна" хэмээлээ.

Нян судлалын лабораторийн шинжилгээгээр хүүхдүүдийн идсэн гэх таван хоолны дээжээс, мөн нийт 79 арчдасны шинжилгээний 87 хувьд нь Е.коли, 18,6 хувьд нь сальмонелла, 6,7 хувьд нь энтеробактери илэрсэн бөгөөд бохирлогдсон хоол, бохир гар, орчин, сав суулганаас халдвар дамжсан байна.

Хүүхдүүдийн дунд хоолны хордлогот халдвар гарсантай холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, 19 хүнийг холбогдогчоор татан шалгаж байгаа гэнэ. Хэрвээ хүүхдүүдийн биед учирсан хохирлын зэрэг тогтоогдсон нөхцөлд эрүүгийн хэрэг үүсгэх шалгах ажээ.

Одоогийн байдлаар Баяннуур сумын Эрүүл мэндийн төвд 11, аймгийн Нэгдсэн эмнэлэгт гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал нь сайн байна. Харин эмнэлгээс гарсан бусад хүүхдүүдийг холбогдох шинжилгээний дүн, эмч нарын зөвлөлгөөний шийдвэрийг үндэслэн дотуур байрнаас гаргаж, эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн байна.   

 

Холбоотой мэдээ