"Лалын улс" бүлэглэлийн 22000 босогчийн тухай мэдээллийг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-03-10 12:23:36

ЛОНДОН. /Xinhua/. “Лалын улс” бүлэглэлийн 22000 босогчийн нэр, гэр бүлийн тухай мэдээлэл, утасны дугаар, хаяг зэргийг агуулсан хэдэн арван мянган баримт бичгийг олсон тухайгаа Их Британийн “Sky News” телевиз мэдээлэв.

51 орны иргэд, тухайлбал, их британичууд “Лалын улс” бүлэглэлд нэгдэхийн тулд хувийн мэдээллээ бүгдийг нь өгөх шаардлагатай байдаг тухай “Sky News” телевиз мэдээлсэн байна.

Их Британи, Европын хойд нутгийн орнууд, Ойрхи Дорнод болон Хойд Африкийн дийлэнх орнууд, АНУ, Канадад байгаа үл таних террористуудын талаарх мэдээллийг уг баримт бичигт дурдсан байна.

Эдгээр баримт бичгийн нэгийг “Martyrs” буюу “Амь үрэгдэгсэд” гэж тэмдэглэсэн байсанд амиа золиослох халдлага үйлдэх хүсэлтэй, үүнд бэлтгэгдсэн бүлэг хүмүүсийн тухай мэдээлэл агуулагдсан байна.

Баримтад бичигдсэн утасны дугааруудын зарим нь одоо болтол идэвхтэй байгаа бөгөөд тэдгээрийг террористуудын гэр бүлийн гишүүдийн утасны дугаар байж болох ч дийлэнхийг нь террористууд өөрсдөө ашиглаж байгаа байх гэж үзэж байна.

“Лалын улс” бүлэглэлийн Дотоодын аюулгүй байдал хариуцсан газрын даргаас хулгайлсан гар утасны мемори картнаас уг мэдээллийг авсан гэж “Sky News” мэдээлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ