Риогийн олимпын аюулгүй байдлыг 85 мянган хүн хангана

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-10 11:13:24

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилын Рио-де-Жанейро хотод наймдугаар сард болох олимпын наадмын аюулгүй байдлыг цэргийн 38 мянган албан хаагчийг оруулаад 85 мянган хүн хангана гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Алду Рибелу лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

Ингэхдээ 20 мянган цэрэг Рио-де-Жанейрод аюулгүй байдлыг хангах бол нэмээд 18 мянган цэргийг хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулах Бразилиа, Белу-Оризонти, Манаус, Сан-Паулу болон Салвадор гэсэн таван хотод байрлуулахаар төлөвлөж байна.

Баталсан бүдүүвч зургийн дагуу Рио-де-Жанейро хотыг спортын янз бүрийн төрлийн тэмцээн болох ангиллаар нь аюулгүй байдлын дөрвөн бүст хуваах аж.

Бразилын Батлан хамгаалахын сайдын хэлснээр, тус улсын одоогийн Засгийн газрыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хүн амын суурингуудад зохион байгуулж болзошгүй жагсаал цуглаан олимпын наадмыг зохион байгуулахад саад болохгүй.

Ирэх ням гарагт буюу гуравдугаар сарын 13-нд Дилма Руссеффийг дэмжигчид болон эсэргүүцэгчид Бразилын хотуудын дийлэнхэд нь тухайлбал, Рио-де-Жанейрод жагсаал цуглаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн онд болсон ийм жагсаал цуглаануудад хэдэн зуун мянган хүн оролцож байсан байна.

Зуны олимпын XXXI наадам энэ оны наймдугаар сарын 5-21-нд болно. Энэ удаагийн наадам нь Өмнөд Америкт зохион байгуулж буй анхны олимпын наадам юм. Паралимпын наадам хэдэн долоо хоногийн дараа есдүгээр сарын 7-18-нд болно.

Д.Жаргал

Холбоотой мэдээ