Япон Халим агнуурын олон улсын комиссоос гарах шийдвэр гаргалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2018-12-26 12:59:49
ТОКИО. /RIA Novosti/. Японы эрх баригчид ирэх оны долдугаар сараас эхлэн халим агнуурын ажлыг сэргээх болсонтой холбоотойгоор Халим агнуурын олон улсын комиссоос /IWC/ гарах шийдвэрийг гаргажээ. Энэ тухай тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга лхагва гарагт Токио хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Япон улс халим агнуурын ажлаас 30 жил түдгэлзсэн боловч сүүлийн жилүүдэд тус улсын супер маркетууд, зоогийн газруудад халимын мах үзэгдэх болжээ. Дээрх шийдвэрийг Японы сайд нарын танхим мягмар гарагт гаргасан байна. Гэхдээ тус улс Халим агнуурын олон улсын комиссын үйл ажиллагаанд ажиглагчийн хувиар оролцох юм. Халимыг Японы усан нутаг дэвсгэрт агнах аж.

Токиогийн энэ шийдвэр нь гэнэтийн зүйл байсангүй. Киодо агентлагийн мэдээлснээр, хэрэв Япон улс гаргасан шийдвэрийнхээ талаар IWC-д нэгдүгээр сарын 1-нд мэдэгдвэл тус улс зургадугаар сарын 30-нд комиссоос албан ёсоор гарна.

Үүний сацуу Япон улс нь олон улсын байгууллагуудын тусламжтайгаар далайн нөөцийг хамгаалахыг уриалсан далайн эрх зүйн тухай НҮБ-ын Конвенцод оролцогч орон юм. Уг конвенцод “далайн хөхтөн амьтдыг хамгаалах чиглэлд улс орнууд хамтран ажиллана” гэж заажээ.

Японы Засгийн газрын дээрх алхам халим агнахыг эсэргүүцэгч орнуудын эсэргүүцэлтэй тулгарч магадгүй байна. Халимын махыг хоол хүнсэндээ хэрэглэх нь үндэсний уламжлалтай холбоотой гэж япончууд мэдэгдэж байгаа юм. Энэ бүтээгдэхүүн дайны дараах жилүүдэд япончуудын хүнсний гол эх үүсвэр байсныг Киодо агентлаг сануулжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, 1960-аад оны үед япончууд хүнсэндээ жил бүр 200 мянган тонн хүртэл халимын мах хэрэглэсэн бол сүүлийн жилүүдэд 5000 тоннд хүрч багассан байна.
Холбоотой мэдээ