Цунамийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-12-26 12:35:49

ЖАКАРТА. /BBC/. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагийн шөнө Индонезийн баруун нутгийн “Анак Кракатау” галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй цунамийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж, 429 хүрсний зэрэгцээ 1459 хүн гэмтэж бэртсэн байна. Энэ тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас мэдээлэв.


“Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 882 байшин барилга, 73 зочид буудал сүйдэж, эргийн дагуу байрладаг олон барилга нурсан бөгөөд нийт 16 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Далайн боомтын хэсэг ч мөн сүйдсэн бөгөөд нийт 434 хөлөг онгоц, завь эвдэрч хэмхэрсэн” гэж Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын хэвлэлийн албаны төлөөлөгч Сутопо Пурво Нугрохо хэлжээ.  


“Далайн хүчтэй давлагаанд өртөж, олон хүн далай руу шидэгдсэн байж магадгүй” хэмээн Ява болон Суматра арлын ойролцоо эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа ажээ. Уг ажиллагаанд цэргийн хоёр мянга гаруй албан хаагчийг дайчилсан ба сайн дурын ажилтнууд мөн яаралтай тусламжийн ажиллагаанд оролцож байгаа юм байна.


2004 оны 12 дугаар сарын 26-нд Энэтхэгийн далайн эргийн дагуу оршдог орнуудад хүчтэй газар хөдлөлт болсны улмаас цунами дэгдэж, 226 мянга гаруй хүн амиа алдаж байсан юм. Нийт амиа алдагсдын 170 мянга орчим нь Индонезийн Суматра арлын хойд хэсэгт оршдог Ачех мужийн оршин суугчид байжээ. 

Холбоотой мэдээ