Пуэбла мужийн шинэ захирагч амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМЕХИКО. /CNN/. Мексикийн төвийн
Пуэбла мужийн захирагчаар сонгогдоод удаагүй байсан Марта Эрика Алонсо нисэх
онгоцны ослоор амиа алдсан байна. Түүний нөхөр Сенатч Рафаэль Морено Валле мөн
амь үрэгджээ.
Мексикийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тэдний
сууж явсан нисэх онгоц Пуэбла хотоос хөөрсний дараахан осолдсон байна.
45 настай М.Алонсо нь ширүүн өрсөлдөөн бүхий сонгуульд хүчтэй өрсөлдөгч байж, Пуэбла
мужийн анхны эмэгтэй захирагчаар сонгогдоод удаагүй байжээ. Тэрбээр “Үндэсний үйл ажиллагааны
нам”-ын гишүүн байсан юм.
Гэр бүлийн хос амиа алдсан тухай Мексикийн шинэ Ерөнхийлөгч Андрес Мануэль
Лопес Обрадор албан ёсоор мэдээлсэн бөгөөд амиа алдагсдын ар гэрийнхэнд гүнээ
эмгэнэл илэрхийлсэн байна.
“Ослын шалтгааныг олж, үнэн мөнийг тогтоох мөрдөн шалгах ажиллагааг явуулах
болно” гэж А.Обрадор нэмж хэлжээ.