Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад Т.Цэвэлмаагийн нэрийг дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Г.Туяа тэтгэвэртээ гарах болсноо мэдэгдэн ажлаас чөлөөлөгдөх
хүсэлт гаргаж, өргөдлөө өгсөн байна. Түүний хүсэлтийг сумын ИТХ-ын дөрөвдүгээр
хуралдаанаар хэлэлцэж, Засаг даргаас
чөлөөлөх шийдвэр гаргажээ.
12 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан тус хуралдаанаас Сумын
засаг даргад ЗДТГ-ын даргаар 16 жил ажилласан, төрийн албаны туршлагатай
Төмөртогоогийн Цэвэлмаагийн нэрийг дэвшүүлж, төлөөлөгчид дэмжин аймгийн Засаг даргад батламжлуулах саналаа хүргүүлэхээр
шийдвэрлэсэн ажээ.
Засаг дарга Г.Туяа “Сумын засаг даргын сүүлийн 10 жилийн
болон сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн
тайлан”-гаа тавьж хуралдаанаар хэлэлцүүлжээ.
Мөн тус хуралдаанд “Бичил уурхай эрхлэгчдийн өнөөгийн
байдал”-ын талаар байцаагч Х.Сарангэрэл дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна. Тус
суманд бичил уурхай эрхлэгчид туйлын замбараагүй, Засгийн газрын 151- дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй
байгаа талаар олон иргэд шүүмжлэлтэй ханддаг бөгөөд 2018 онд татвар, нийгмийн
даатгалын шимтгэлээ төлөөгүй нөхөрлөлүүд
ч цөөнгүй байгааг онцолсон байна.
Энэхүү хуралдаанаар дээрх асуудлаас гадна Сумын газар
нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Сумын нийгэм эдийн засгийг 2019 онд
хөгжүүлэх үндсэн чиглэл, 2019 оны төсвийн төсөл, Газар зохион байгуулалтын
төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын төсөв зэрэг
үндсэн баримт бичгүүдийг хэлэлцэн баталжээ.