АТГ шалгах ёстой хүмүүсээ тойроод өнгөрч байна гэж Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хонгилын түлхүүр АТГ-ын дарга Х.Энхжаргалын гарт, харин тэрбээр М.Энхболдын мэдэлд байна гэж АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга /ОНЗ/ Г.Баасан мэдээлэв.
Тус зөвлөлөөс өнөөдөр “Хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт байна” сэдэвт хэвлэлийн хурал хийж, албан тушаалтнуудад холбогдох томоохон хэргүүдийг АТГ шалгахгүй өнгөрч байгаа талаар мэдээлж байв.
ОНЗ-ийн гишүүн Д.Пүрэвбаатар, “Энэ сарын 04-нд Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай гэдэг хүнээс албан бичиг ирлээ. Энэ бичигт “60 тэрбумын хэрэг” –ийг өнгөрөгч 8 дугаар сарын 1-ний өдөр хаасан ч ТЕГ-ын гүйцэтгэх ажлын үр дүнд шинэ баримтууд илэрч нотлогдсон учраас хэргийг нээгээд 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг дээр ЦЕГ, АТГ-ын нэмэлт бүрэлдэхүүн оруулж хэргийг эргэн сэргээсэн талаар албан бичигт дурджээ. Хуулийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг МАН-ын дарга асан М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарыг 60 тэрбумын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Түүнчлэн тус хэрэгт эрүүгийн хуулийн 19.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байгааг ч тэмдэглэжээ. Энэхүү хэрэг дээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах зэрэг зүйл анги нэмээд шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Харин АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл АТГ-т удаа дараа шаардлага тавьж үйл ажиллагаа нь хэвийн явж эхэлсэн. Гэвч энэ газар шалгах ёстой хүмүүсээ шалгахгүй, тойроод өнгөрсөөр байна. АТГ-ын дарга Х.Энхжаргал “хонгил”-доо хэн дуртайгаа оруулж шалгаж жаахан байлгаж байгаад гаргадаг болсон. Хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт байгаа хэмээн ярих болсон” гэв.
ОНЗ-ийн тэргүүн Б.Баасан, "Сүүлийн үед авлига албан тушаалын гэмт хэргүүдийг нээлттэй зарладаг болсон. Энэ нь манай ОНЗ санаачилж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2018-2019 оныг Авлигаас татгалзах, илчлэх, авлигын мэдээлэгч, гэрчийг хамгаалах жил болгон зарласантай холбоотой. Үр дүнд нь Авлигын асуудал нийтэд ил болж эхэлж байгаа нь таатай. Мөн гэрч, мэдээлэгчийг хамгаалдаг болсноор АТГ-т иргэд маш их өргөдөл, гомдол гаргах болсон. Гэвч Монгол Улсад “Шударга бусын хонгил” үүсээд байгаа. Хонгилын түлхүүрийг АТГ-ын дарга Х.Энхжаргал атгаж байна. Х.Энхжаргал М.Энхболдын мэдэлд байгааг олон баримтаар нотолж байна. Учир нь тус газар манай зөвлөлөөс өгсөн өргөдөл, гомдлыг шийдвэрлэдэггүй, мөн 60 тэрбумын хэргийг жил гаруй хугацаанд хөөцөлдсөн боловч эл хэргийг АТГ одоог хүртэл шийдсэнгүй. Түүнчлэн тус газраас улс төрчдийн захиалгаар хэвлэлийн хурал зарладаг болсон нь илхэн харагдаж байна. Ер нь энэ газрын албан тушаалтнуудын дуулиант хэргүүдийг шалгах ажил нам зогссон. Энэ төрийг дэлгүүр болгосон, төрийн өмчит компаниудыг гуанз болгосон, авлигачдын энэ бүх асуудалд манай Олон нийтийн зөвлөл анхааран ажиллаж байна, цаашид ч ажиллах болно” гэлээ.