НҮБ-ын Азийн түншлэлийн хуралдаанд Шадар сайдын зөвлөх Л.Саянаа тэргүүтэй албаныхан оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-18 18:10:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын ”Азийн түншлэлийн хуралдаан болон Үндэсний, орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн хэлэлцүүлэг”-т Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын мэргэжилтэн А.Цэцэгмаа нар оролцов.

Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан энэ удаагийн хуралдаанд бүс нутгийн 20 улсын Засгийн газрын төлөөлөгч, НҮБ-ын төрөлжсөн 15 байгууллага, Засгийн газар хоорондын болон бүсийн хамтын ажиллагааны 15 байгууллага, хувийн хэвшлийн зэрэг нийт 150 төлөөлөгч оролцсон байна.

Азийн түншлэлийн хуралдаанд Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгамдаж буй асуудал, онцлох зорилт болон Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх талаарх” хэлэцүүлэгт илтгэгчээр оролцсон. Энэхүү хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүс нутгийн төлөвлөгөөний /2017-2020/ хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцон, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд Азийн бүс нутгийн түвшинд тулгамдаж буй асуудлыг тодорхойлов.

Харин “Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн хэлэлцүүлэг”-т ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “Гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн боловсруулалт болон Үндэсний стратегийг орон нутгийн төлөвлөлтөд уялдуулах нь” сэдэвт хэлэцүүлэгт илтгэгчээр оролцсон байна.

Тус хуралдаанаар үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн боловсруулалт, түүний хэрэгжилт бүс нутгийн хэмжээнд ямар түвшинд байгаа талаар хэлэлцэн, гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийг хэрэгжүүлэх санхүүжилтийн сайн туршлага, мэдээллээ хуваалцсан юм гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ