Завхан аймаг иргэн төвтэй төр бүхий аймаг болох зорилтоо биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-12-17 13:25:57

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн ЗДТГ-аас аймгийн Засаг даргын 2018 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Завхан аймгийн ИТХ-ын YI хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны хэрэгжилтийг 93 хувь, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 97,2 хувьтай гэж дүгнэжээ.


Тус аймаг 2018 онд “Иргэн төв”-тэй төр бүхий аймаг болно гэсэн зорилтын хүрээнд зургаан томоохон ажлыг хийсэн байна. Тухайлбал төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор хөдөөгийн 88 багийн Засаг дарга нарыг унаажуулжээ.

Төрийн ажлыг ард иргэд үнэлдэг боллоо

"Төрийн алба" бол ард түмэндээ үйлчилдэг "Үйлчилгээний байгууллага" юм. Тиймээс төрийн ажлыг аливаа албан тушаалтан бус, ард иргэд өөрсдөө үнэлдэг тогтолцоо руу Завхан аймаг шилжсэн байна.

Төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвар, манлайллыг дээшлүүлэх, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр, иргэний уялдаа холбоог хангах, иргэн төвтэй төрийн тогтолцоог бий болгох зорилгоор төрийн ажлыг иргэдээрээ үнэлүүлдэг боллоо. Ингэснээр төрийн байгууллага ард иргэддээ чанартай үйлчилгээ үзүүлэх, мэдээллээ цаг тухайд нь хүргэх, ажлын тайлангаа тогтмол тавих үүрэг хүлээнэ. Мөн ард иргэдээ сонсдог болсон байгаа. Завхан аймаг 2016 оноос “Ард иргэдээ сонсох аян”-аа эхлүүлсэн түүхтэй. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017, 2018, 2019 оны Үндсэн чиглэлээ 24 сумын 116 багийн давхардсан тоогоор 50 гаруй мянган иргэнийнхээ саналыг авч, иргэдээ сонсох зарчимд тулгуурлан боловсруулсан. Мөн 70461212 утсаар болон “Аймгийн Засаг дарга ард иргэдээ сонсож байна” шууд нэвтрүүлэгт оролцож иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож байгаа хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Төрийн албаны сахилга, хариуцлагыг

дээшлүүлж байна

Завхан аймаг 2018 оныг "Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах жил" болгон зарлаж үр дүнтэй ажиллажээ.

Төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримтлан, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хариуцлагыг өндөржүүлэн, удирдах ажилтнуудын манлайллыг дээшлүүлж, төрийн албаны стандартын хэрэгжилтийг бүх түвшинд жигд хангуулж ажиллах зорилгоор “Төрийн албаны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулжээ. Орон нутагт анх удаа зохион байгуулсан энэхүү зөвлөгөөнд 24 сумын 300 гаруй удирдах албан тушаалтан оролцсон байна. Мөн “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, чадавхыг дээшлүүлэх” бүсчилсэн сургалтыг 24 сумын дөрвөн бүсэд зохион байгуулжээ. Бүсчилсэн сургалтыг Сонгино, Отгон, Тэлмэн, Дөрвөлжин сумдад зохион байгуулж, 24 сумын 600 гаруй албан хаагчид хамрагдсан байна. 2018 онд аймаг, сумаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд тодорхой сэдвээр илтгэл тавьж, 2017, 2018 онд шинээр санаачилсан ажлаа сумууд тайлагнаж, харилцан туршлага солилцдог болжээ.

Төрийн албан хаагчид баримтлах 9 зарчмыг мөрдөн ажиллаж байна

Завхан аймаг төрийн албаны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнөөр “Завхан аймгийн төрийн албан хаагчийн баримтлах 9 зарчим”-ыг хэлэлцэн баталжээ.

Тухайлбал төрийн албан хаагчид хариуцлагатай байх, хүнд сурталгүй байх, иргэдтэй ойр байж, тэдний санаа бодлыг сонсдог байх, шударга, авлигаас ангид байх. Мөн төрийн залгамж халааг хадгалах, багаар ажиллах, манлайлал, өөрийгөө байнга хөгжүүлэх, шуурхай, цаг хугацааг баримтлах, гүйцэтгэлийн хяналтыг байнга тавих зарчмыг мөрдөнө. Гэхчлэн дээрх зарчмуудыг төрийн албан хаагч бүрийн ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээнд тусган хэрэгжүүлжээ. Энэ жилээс эхлэн Завхан аймгийн бүх шатны төрийн албан хаагчид “Би авлига авахгүй, өгөхгүй” уриатай, төрийн албан хаагчийн есөн зарчим бүхий ажлын үнэмлэхийг ажлын байран дээрээ байнга зүүж хэвшсэн байна. 

Холбоотой мэдээ