Насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулбал хариуцлага тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-07 15:23:55

МХЕГ-аас ээлжит цахим шуурхай хурлаа өнөөдөр хийж, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын өнгөрөгч 14 хоногт хийсэн ажлын тайланг сонсч, байгалийн гамшиг, малын гоц халдварт өвчин дэгдсэн үед хэрхэн ажиллах талаар болон цаг үеийн тодорхой ажлын талаар үүрэг даалгавар өглөө.

Тухайлбал, саяхан МХЕГ-аас Монголын морин спорт уяачдын холбоонд гуравдугаар сард болох хурдан морины уралдаанд насанд хүрээгүй хүүхдээр морь унуулахгүй байхыг, хэрэв насанд хүрсэн унаачид оролцсон уралдааныг зохион байгуулсан нөхцөлд унаачийн болон уралдааны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон албан бичгийг хүргүүлсэн.

Өөрөөр хэлбэл, өнгөрөгч хоёрдугаар сарын наймны өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчилэн баталсан.Уг жагсаалтын 03.10.2-т “Жил бүрийн 11 дүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 01 хүртлэх хугацаанд насанд хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд морь унуулахыг хориглосон” байдаг. Иймд МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан аймаг, орон нутгийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад холбогдох хууль журмын дагуу ажиллахыг хатуу үүрэгдэж, сануулж зөвлөсөөр байхад хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг мэдэгдэв.

Мөн “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяны хүрээнд хуурамч эм, жоргүйгээр эм олгох, хугацаа дууссан эм бэлдмэлээр үйлчлэх гээд тодорхой зөрчлүүдийг  арилгах үүрэг даалгаврын биелэлтэд хяналтаа сайн тавьж, удаа дараа урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө хүргүүлээд байхад зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцохыг үүрэгдлээ. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ