“Хүүхдийн эрх -Хөгжил” төсөл орон даяар бие даан үргэлжлэх боломжтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-29 21:44:05

Ховд/МОНЦАМЭ/Норвегийн тусламжийн байгууллагаас хүүхэд хамгааллыг дэмжих, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын хүүхдэд хүрч буй үйлчилгээг сайжруулах зорилгоор “Хүүхдийн эрх -Хөгжил” төслийг Ховд аймгийн бүх сумын дотуур байранд 10 жил, Баян-Өлгий аймгийн бүх сумын дотуур байранд 5 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.

Төслийн эцсийн үнэлгээний тайлангийн хурлыг энэ сарын 28-ны өдөр Ховд аймагт зохион байгуулав.Төслийн тайлангийн хуралд Норвегийн Тусламжийн Байгууллагын Суурин төлөөлөгч Дэвид Самуел Олсон, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг болон 17 сумын сургуулийн захирал, дотуур байрны эрхлэгч, багш нарын төлөөлөл 80 гаруй хүн оролцож, төслийн үр дүн, үйл явц, сургамжийн талаар хэлэлцэж, цаашид дотуур байранд чиглэгдсэн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхэд анхаарах зүйлсийн талаар ярилцсан юм.

Энэ үеэр “Хүүхдийн эрх-Хөгжил” төслийн хүрээнд сургууль, дотуур байрын багш, ажилтнуудыг чадваржуулахад чиглэсэн үйл ажиллагаанууд нь үр дүнтэй, шинэ арга аргачлалуудыг бий болгож, эдгээр нь төрийн бодлогод тусгагдан, цаашид төслийн оролцоогүйгээр Ховд аймагт төдийгүй улс орон даяар үргэлжлэн хэрэгжих боломжтой болсон гэдгийг зохион байгуулагчид онцлон хэллээ.

“Хүүхдийн эрх -Хөгжил” төсөл нь 2014-2018 онд хоёр үе шаттай хэрэгжихдээ судалгааны ажлын үр дүнд тулгуурлан нотолгоонд суурилан үйл ажиллагаагаа төлөвлөн явуулснаар богино хугацаанд дотуур байрны багш, эмч, тогооч, ажилтнуудыг чадавхжуулан, дотуур байрны орчин нөхцөлийг хүүхдэд ээлтэй байдлаар зохион байгуулж чаджээ. Ингэснээр хүүхдийн сурч боловсрох эрх хангагдаж, сургууль, эцэг эх, хүүхдийн хамтын ажиллагаа дээшилж, сурагчдын сурлага хүмүүжилд эерэг өөрчлөлт авчирсан талаар төслийн удирдагч Б.Баярмаа “Төслийн ололт, амжилт, бэрхшээл” гэсэн илтгэлдээ дурдав. Төслийн үр дүнг зөвхөн төсөл хэрэгжүүлсэн баг, сургуулийн захирал, дотуур байрны багш нар хэлэлцээд зогсохгүй хөндлөнгийн үнэлгээнд төсөлд хамрагдсан албан тушаалтан, эцэг эх, хүүхдүүдийн саналыг тусгаж, ярилцсанаараа тайлангийн хурал онцлогтой байлаа.

Энэхүү тайлангийн хурлыг угтаж “Дотуур байр байр-миний гэр” сэдэвт зохион бичлэгийн болон уран зургийн уралдаан зохион байгуулсан байна. Энэ нь төслийн үр дүнг хүүхдүүдээр бодитой үнэлүүлсэн шинэлэг арга болжээ. Хүүхдүүд өөрчлөлтийг хамгийн соргогоор мэдэрдэг болохыг ирүүлсэн бүтээлүүдээрээ нотлон харуулсан байна. Төсөлд Норвегийн тусламжийн байгууллагаас чамгүй хөрөнгө гаргасан ч орон нутгийн сургуулийн хамт олон идэвх санаачлагатай ажиллаж, Ховд аймагт л гэхэд сүүлийн таван жилд Орон нутгийн хөгжлийн сан болон бусад эх үүсвэрээс 279 сая гаруй төгрөгийг гаргуулж, дотуур байранд хүүхэд амьдрах нөхцөл боломжийг сайжруулах үйл ажиллагаанд зориулсан байна. Энэ бол цаашид дотуур байрны хөгжлийн асуудлыг орон нутагт бие даан шийдвэрлээд авч явах нөөц боломж бүрдсэнийг нотолгоо гэж төслийн багийнхан онцлон хэлэв.

Холбоотой мэдээ