Хүчтэй шуурганы улмаас Баян-Өлгий аймаг бүхэлдээ цахилгаангүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-25 21:34:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-нөөс 25-ны шилжих шөнө баруун аймгуудын нутгаар салхины хурд 18-22 м/с-д хүрч шуурсан юм. Үүний улмаас Баян-Өлгий аймаг бүхэлдээ цахилгаангүй болоод байна.

Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар аймгийн Цахилгаан, шугам сүлжээний газраас тодруулахад: "Урьдчилсан байдлаар Увс аймгийн Түргэн сумын нутаг дэвсгэр дэх ОХУ-аас эрчим хүч авч буй цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын гурав, Өмнөговь суманд 110 кВ-ын 10 тулгуур багана унасан. Гэхдээ үзлэг бүрэн дуусаагүй. Одоогоор Дөргөний усан цахилгаан станцаас тодорхой хэмжээний эрчим хүч авч, аймгийн онцгой объектуудад өгөөд байна. Засварын ажил явагдаж байгаа. Аймгийг цахилгаанаар хэвийн хангахад таваас зургаан хоног шаардагдана" гэв. 

Мэргэжлийн байгууллагаас өгсөн мэдээллээр Өлгий хот дотор болон сумдад цахилгаан эрчим хүч түгээх шугамуудад нэлээн гэмтэл гарсан байна. Одоогоор аль аль суманд хэдий хэмжээний гэмтэл гарсныг тодорхойлох хараахан боломжгүй ажээ.   

Холбоотой мэдээ