ЖДҮХ санг шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа гишүүн санаачлан энэ сарын 21-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Нийгмийн зорилтот бүлэг, тэр дундаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог ЖДҮХС-гийн зээлээс УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл авсан нь нийтэд ил болсон. Тиймээс уг асуудлыг нарийвчлан шалгах, хуул зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох, нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх зорилгоор Түр хороо байгуулах тогтоолын төсөл боловсруулснаа Н.Номтойбаяр гишүүн танилууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, З.Нарантуяа нар байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, ганц Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан бус цаана нь буй 27 сангийн асуудлыг бүхэлд нь авч үзэх шаардлагатай хэмээсэн бол З.Нарантуяа гишүүн сангуудын үйл ажиллагааг шалгахдаа Төсвийн зарлагын дэд хороотой хамтран ажиллах хэрэгтэй гэсэн санал хэллээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.