Аялал жуулчлалын салбарт хөтөчийн чадварыг дээшлүүлэхийн чухлыг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-23 16:38:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад жуулчны улиралд аяллын 600 гаруй хөтөч, тайлбарлагч ажилладаг гэсэн тоо бий. Энэ нь жил бүр 100-150-аар нэмэгддэг ч аялал жуулчлалын салбарт хүний нөөцийн чадварыг дээшлүүлэх явдал чухлаар тавигдаж буйг өнөөдөр болсон “Аяллын хөтөч тайлбарлагчдын анхдугаар чуулган” дээр онцолж байв.

БОАЖЯ, Монголын Мэргэжлийн хөтлөгч тайлбарлагчдын холбоо, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэгч “Травэл Хаб Монголиа” компани хамтран зохион байгуулсан “Аяллын хөтөч тайлбарлагчдын анхдугаар чуулганд аяллын хөтөч тайлбарлагчаар ажилладаг 200 гаруй хүн оролцож байгаагаас гадна тэднийг ажлын байраар хангадаг тур оператор компаниуд, үйлчилгээ үзүүлдэг амралтын газрууд, жуулчны бааз, зочид буудал, зоогийн газрууд болон энэ чиглэлээр дагнан ажилладаг аялал жуулчлалын багш, судлаачид өөрсдөд тулгарч буй асуудлаа хэлэлцлээ.

Монголын аялал жуулчлалын салбарт эх орныхоо нүүр царай болж явдаг, хамгийн чухал үүргийг гүйцэтгэж буй аяллын хөтөч тайлбарлагч нарын өнөөгийн нөхцөл байдлыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахын тулд оролцогчдод урьдчилан бэлдсэн санал асуулга тавьсан бөгөөд үүний үр дүнг танилцуулахын зэрэгцээ олон улсад өрсөлдөх чадвар ямар байгаа зэрэг олон асуудлыг хэлэлцэж байгаа юм.


Аяллын хөтөч, тайлбарлагч мэргэжлийн түр сургалтаар анхан шатны мэдлэг ур чадвар олж авдаг бөгөөд улирлын чанартай, аяллын давтамжийн онцлог зэргээс шалтгаалан манай улсад аяллын салбарт ихэнхдээ мэргэжлийн бус хүмүүс ажиллах нь их байдаг аж. Энэ нь гадаадын жуулчдад улсыг төлөөлж буй хөтөч залуучуудын мэргэжлийн ур чадвар хүрэлцэхгүй, өөр салбарын боловсон хүчин түр ажлын байр гэсэн утгаар ханддаг, аялал жуулчлалын сургуулиудад элсэлт байхгүй зэрэг шалтгаанаас улбаалан нийт аялал жуулчлалын салбарын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болж байна

Мөн эдгээр хүнийг ажиллуулж байгаа аялал жуулчлалын компаниудын улирлын чанартай ажилладаг онцлог байдал нь ажиллаж байгаа ажилтнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн даатгалын асуудлыг ажилласан саруудад нь төлдгөөс болж нийгмийн баталгаа нь бүрэн дүүрэн хангагдахгүй байгаа бөгөөд энэ нь өнөөгийн манай нийгмийн даатгалын хууль эрх зүйн тогтолцооноос шууд хамааралтай байгаа юм. Чуулганаар эдгээр асуудлыг тодорхойлон төрийн болон ТББ-ууд энэ тал дээр хамтарч ажиллах тал дээр байр сууриа нэгтгэн үр дүнг гаргахыг зорьж байна.

 

 

Холбоотой мэдээ