Монгол, Тайванийн эмч нар уруул тагнайн эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-22 16:22:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭХЭМҮТ болон Тайванийн Чангэнг мемориал эмнэлэг, Ноордхоффын сангийн хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 21-23-нд Монголын уруул тагнайн эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийж байна. Энэхүү хамтарсан төсөл нь анх 2010 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт 170 гаруй Монгол хүүхдэд инээмсэглэл бэлэглэжээ. Энэ удаагийн эмнэлгийн багийг Тайванийн Лин Коумемориал эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Луо Лунь Жоу ахалж ирсэн бөгөөд тэрбээр, “Тайванийн Чангэнг мемориал эмнэлэг нь олон улсын хамтын ажиллагааны хүрээнд эмчилгээний шинэлэг арга технологийг түгээн дэлгэрүүлэхэд өнгөрсөн 9 жилийн хугацаанд чармайлт гарган ажилласан. Үүний үр дүнд Монголын ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн чадварлаг эмч  нар 450 өвчтөнд уруул тагнайн эмгэгийн мэс заслыг амжилттай хийж, шүдний гажиг засах, хэл заслын эмчилгээ зэргийг чадварлагаар гүйцэтгэж буй мэргэжлийн цогц баг бүрдэж чадсан. Уруул тагнайн эмгэг бол хамгийн элбэг тохиолддог төрөлхийн боловч цогц эмчилгээ хийж чадвал эдгэрэх бүрэн боломжтой” хэмээв.


Ноордхофф сангийн олон улсын хамтын ажиллагааны сангийн дэд дарга Ли Шанг Лин, “Төрөлхийн уруул тагнай эмгэгтэй өвчтөнүүдэд хамгийн сайн эмчилгээ үзүүлэх зорилгоор сан байгуулсан. Төрөлхийн эмгэгтэй ч эдгээр хүүхдүүд маань эцэг эхдээ бурхнаас ирсэн онцгой бэлэг. Яагаад гэвэл “Онцгой хайр өгч чадах эцэг эхэд, Онцгой хүүхэд заяадаг” тул бид эцэг эхтэй нь хамтран эрүүл саруул болгохын төлөө хүчин зүтгэхийг хүсдэг” гэв.

Тайванийн Чангэнг мемориал эмнэлэгт уруул тагнайн эмгэгийн хамгийн сүүлийн үеийн эмчилгээний арга барилаас Монголын 13 эмч сургалтад хамарсан. Тус сан 1989 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Вьетнам, Камбодж, Монгол зэрэг 9 оронд 80 гаруй удаа эмчилгээний баг илгээж 2000 орчим хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийжээ.19 оронд сургалт явуулж, 160 гаруй эмнэлгийн ажилтныг сургалтад хамруулаад байна.

Холбоотой мэдээ