Эрүүл мэндийн сан, иргэний бүртгэлийн сан хоёрын зөрүүтэй байдал арилах нөхцөл бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-21 14:24:09

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх тухай тодорхой заалтуудыг тусгаж өгсөн байдаг. Эдгээр заалтуудыг бодит ажил болгохын тулд “Нэг иргэн-Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэхээр холбогдох яам, тамгын газарт хүргүүлээд байгаа аж.

Энэхүү хөтөлбөрт зааснаар шинээр мэндэлсэн Монгол Улсын иргэн бүрийг тухайн төрсөн эмнэлэгт нь 15-20 минутанд багтаан регистрийн дугаар өгөх  аж. Мөн нас баралтыг хугацаа алдалгүй бүртгэж авах, дархлаажуулалтад хамрагдах хоёр хүртэлх насны хүүхдүүдийг цахимжуулж, нөхөн бүртгэх, түүнчлэн "Элэг бүтэн монгол" үндэсний хөтөлбөрт хамрагдсан иргэн бүрийг цахим санд төвлөрүүлэх зэрэг хэд хэдэн үйлчилгээг хэрэгжүүлэхээр хөтөлбөрт багтаан өгчээ. Энэхүү үндэсний хөтөлбөрийг нийслэлд 10-р сарын 1-ний өдрөөс, хөдөө орон нутагт энэ 11 дүгээр сард багтаан эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна. Өмнө нь шинэ төрсөн нярайг эмнэлгээс гарсны дараа улсын бүртгэлд бүртгэн авдаг байсан бол энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хаана төрсөн тэр газартаа цаг алдалгүй бүртгүүлж, Монгол Улсын иргэн гэдгээ мэдэгдэх болжээ. Түүнчлэн нас баралтыг бүртгэснээр цаг хожиж ар гэрийнхэн нь олон хоногоор хөөцөлдөж, иргэний бүртгэл мэдээлэлд очиж бүртгүүлдэг байсан бол тухайн эмнэлгээс нь улсын бүртгэлийн газарт мэдээллийг дамжуулан өгдөг болж байгаа ажээ. Энэ хөтөлбөрийн бас нэг давуу тал нь шинэ төрсөн нярайд хийх дархлаажуулалтын нэгдүгээр тунг цахимд бүртгэж байх болсон байна. Дархлаажуулалтад хүн бүр хамрагдах үүрэгтэй байдаг байна. Ингэснээр бүх иргэдээ төрсөн нярайгаас нь эхлээд "Элэг бүтэн монгол" хөтөлбөрт хамрагдсан иргэд бүгд үндсэн нэг системтэй, бүгд нэгдсэн цахим бүртгэлтэй болж буйгаараа онцлогтой аж. Улсын хэмжээнд өрнөж буй энэхүү ажлыг Сэлэнгэ аймагт амжилттай хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ЭМГ-аас аймгийн Иргэний бүртгэл мэдээллийн газартай хамтран аймгийн 17 сум, 6 тосгоны ЭМТ-ийн дарга, статистикч эмч нар, дархлаажуулалтын мэргэжилтнүүдэд хоёр өдрийн турш холбогдох зааврын дагуу мэдээллээр хангах ажлыг зохион байгуулжээ.

Шинэ хэрэгжиж буй хуулиар иргэн хүн ердөө гурван төрлийн гэрчилгээ авах гэнэ. Энэ нь төрсний, нас барсны, гэрлэлтийн бүртгэлүүд гэрчилгээтэй байх аж. Бусад бүх бүртгэлүүд лавлагаагаар олгогдох гэнэ. Дээрх хөтөлбөр хэрэгжсэнээр эрүүл мэндийн сан, иргэний бүртгэлийн сан хоёрын зөрүүтэй байдал арилах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа хэмээн Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Саранчимэг  ярилаа.

Холбоотой мэдээ