“Виферон” лаа хэрэглэснээс эмийн гаж нөлөө илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2018-11-19 17:00:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ташаа мэдээлэл тараасан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа талаар өнөөдөр “ЭНТО” компанийн өмгөөлөгч Ш.Алтангэрэл мэдээлэл хийв.

ОХУ-д үйлдвэрлэгддэг Виферон лааг ханиад томууны үед хэрэглэхэд үр дүнгүй учир хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хасна  гэх мэдээллийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 25 дугаар суваг телевизэд өгсөн ярилцлагын үеэр дурдсан. Мөн, “АХБ-ны судалгаагаар Виферон лааг бага насны хүүхдэд хэрэглэж болохгүйг тогтоосон. Тухайн үедээ л вирусыг устгах боловч 1-2 жилийн дараа хүүхдийг дархлаагүй болгодог. Тиймээс Виферон лааг хөнгөлттэй эмийн жагсаалтаас хасаад зогсохгүй, хэрэглээнээс хасах чиглэлтэй байгаа” хэмээжээ. Тиймээс Д.Сарангэрэл сайдыг ташаа мэдээлэл олон нийтэд тарааж, “Виферон” лааг импортлогч “ЭНТО” компанийн нэр хүндэд халдаж байна гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Өмгөөлөгч Ш.Алтангадас, “Энэхүү лааг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгээд 8 жил болж буй бөгөөд энэ хугацаанд нийт 90 мянга гаруй хүн хэрэглэжээ. ОХУ-ын эрдэмтэд 50 гаруй жилийн туршилт судалгааны үндсэн дээр гарган авсан энэхүү лааг хэрэглэснээс үүдэн гаж нөлөө, урвал үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй. Мөн манай төрийн байгууллагаас хийсэн эмийн судалгаагаар ч гаж нөлөө илрээгүй. Түүнчлэн Азийн хөгжлийн банкнаас “Манай байгууллага эмнэлзүйн нөлөөлөл судалдаг байгууллага биш бөгөөд зөвхөн үнийн судалгаа хийх үйл ажиллагааг санхүүжүүлэхэд оролцсон” гэсэн тайлбар хийсэн. Тиймээс түгээсэн ташаа мэдээлэлдээ Эрүүл мэндийн сайд залруулга хийх ёстой” хэмээв.

Холбоотой мэдээ